ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Старлинк компанийг Монголд оруулж ирнэ

O.Admin
2023-06-07

ЦХХХ-ны сайд Н.Учрал: -Өчигдар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзалт хийсэн. Энэ үеэр харилцаа холбооны салбарт ногоон технологийн чиглэлээр, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр ярилцсан байгаа.  

Энэ хүрээнд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж буй “Старлинк” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор  хангахад хамтарч ажиллах талаар ярилцсан юм. Тус компани нь  АНУ, Англи, Франц, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид бол Япон, Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.

Манайх шиг өргөн уудам газар нутагтаа улс оронд харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг бий болгож, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэн орон нутагт суугаа малчдад хүргэх шаардлага зүй ёсоор тавьж байгаа. Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын 1/3-г шилэн кабел болон интернэтийн сүлжээгээр холбосон. 1226 багт холболтуудыг хийсэн. Гэвч хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэж эхлэхэд бэрхшээл нэлээдгүй дагуулж байгаа. Тиймээс шинэ дэд бүтцийг оруулж ирэх шаардлагатай. Мөн "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангаж, Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн.