ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Булгантуяа: Зөвхөн есөн хувь нь хүүхдийн мөнгөний хүсэлт гаргана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-06-08

Цаг үеийн асуудлаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа  мэдээлэл хийлээ.  

Тэрбээр “2014 оноос хойш тэтгэврийн асуудлаар  итгэлцлүүрийг Засгийн газраас шинэчлээгүй байсан. 1990 оноос хойш зургаан удаа итгэлцлүүрийг нэмсэн байдаг. Энэ нь өмнө нь тэтгэвэр тооцсон цалингийн хэмжээг одоогийн тооцсон цалин хөлсний түвшинд үзүүлэхийг хэлнэ. Тухайлбал, 1990 оны 500 мянган төгрөгийн цалинг энэ үеийн түвшинд тооцно гэсэн үг.

Тэгэхээр одоогийнхтой харьцуулах юм бол сардаа сая төгрөг болох юм. Ер нь 2014 оны байдлаар таны тэтгэвэр, тэтгэмж бодогдоод явсан байна. Гэхдээ хүн бүрийн тэтгэвэр нэмэгдэж орж ирэхгүй. Зөрүү яагаад үүсэв гэхээр итгэлцлүүрийг бид жил болгон шинэчлэн батлах ёстой. Харин бид шинэчлэн баталж чадаагүй. Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д өргөн барьсан, хэлэлцэж байна. Хуульд Засгийн газраас жил бүр итгэлцлүүрийг шинэчлэн батална гэж оруулж ирсэн. Ингэснээр ахмад настнуудын тэтгэвэр инфляцид идэгдэхгүй жил бүр зохистой түвшинд хадгалагдах юм.

Иймээс зөрүү үүссэн байгаа. Нийтдээ 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Өнөөдөр 481 мянган тэтгэвэр авагчдаас 161 мянган хүнийх нэмэгдэнэ. Ямар хүмүүсийнх нь нэмэгдэхгүй байна вэ гэхээр 160 гаруй мянган хүний архивын мэдээлэл олдохгүй байна. Зарим нь сайн дураараа төлж байсан. Багаар төлж байсан болохоор бага тогтоогдоод байгаа юм. Тиймээс эдгээр хүмүүсийн тэтгэвэр тодорхой хэмжээнд бага үнийн дүнгээр нэмэгдэж байна. Иймд ирэх сарын 1-нээс өмнө манай ахмадууд бүтэн нэрээ регистрээ хийхэд бүх мэдээлэл нь гарч ирнэ.

Та хэдэн төгрөгийн тэтгэвэр авах, хэрхэн нэмэгдэж байгаа зэрэг бүх мэдээлэл гарч ирэх юм. Шаардлагатай бүх мэдээллийг олон нийтэд түгээж хүргүүлнэ. Харин хүүхдийн мөнгөний тухайд зөвхөн олгогдоогүй үлдсэн есөн хувь нь хүсэлт гаргах боломжийг хангаж өгнө. Өөрийн хүсэлтээр хүүхдийн мөнгөө Хүүхдийн төлөө санд хадгалах боломжийг хангаж өгч байгаа. Шаардлагатай бүтээн байгуулалтад зарцуулах боломжийг хангаж байна” гэв.