ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

САЙН МЭДЭЭ: Тасалдахад нь тодотгодог байсан төсвөө давуулж биелүүлэн хуваадаг болов, бид

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-06-09

Ердөө хоёр жил гаруйн өмнөх үйл явдлыг эргэн санацгаая. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан олны өмнө гарч ирж мэдэгдэл хийхдээ “Манай улс дефолт зарлах эрсдэл рүү явж байна. Эдийн засгийн өсөлт -5 болж, хөрөнгө оруулалт гацлаа. Шинээр бүтээн байгуулалт хийхгүй, төр засаг шат шатандаа хэмнэлтийн горимд шилжих цаг нь болсон.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдээд жилийн хугацаанд дөнгөж 16.1 сая тонн нүүрс экспортод гаргалаа. ДНБ-ий хэмжээ 43.5 их наядаар хэмжигдэж байна. Аялал жуулчлалын салбар үндсэндээ зогсонги байдалд орсон. Тиймээс цар тахлын энэ хүнд нөхцлөөс хамтдаа гарахын тулд эдийн засгаа сэргээх бодлого гаргах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байлаа.

Дан ганц манай улс ч бус дэлхий нийтээр яг л ийм хүнд хэцүү цагийг даван туулах ёстой болж, “Эдийн засгаа хэрхэн сэргээх вэ. Иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ядахдаа л ажилтай нь үлдээх. Цар тахлаас гадна улс орнуудын дайн байлдааны нөхцөл байдал, түүнээс үүдсэн эдийн засгийн хоригийг хохирол багатай даван туулахын тулд юу хийх вэ” гэсэн олон асуултад тархиа гашилгаж байв. Тэр дундаа цар тахлаас гадна Орос, Украины дайны хамгийн том хохирогч нь Монгол Улс болсон.

Урагшаа цар тахалтай учраас хил хаалттай, хойд талдаа дайнтай гээд хилээр нэвтрэх хэцүү, худалдаа наймаа зогсчихсон. Навигацийн орлого, бусад улс орнуудтай хийдэг хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт бүрэн зогсчихсон. Товчхондоо, хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг хүнд цаг үед бид хоёр жил орчим амьдрав. Тэрхүү хүнд цаг үед үндэсний хэдэн компаниуд аль чадлаараа ажиллаж, ард түмний халаасыг хоосон байлгахгүйн тулд Засгийн газартаа дэм болж, халамжийн бодлогоор түр зуур ч болтугай аргацааж байсан нь үнэн.

Цаашдаа “үйлээрээ болог” хэмээн нуувчиндаа суугаад байж хэрхэвч болохгүй гэдгийг Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэж байсан юм.

Тиймдээ ч цалгар назгай байдлаа засаж залруулъя, эдийн засагт эрс өөр бодлого, шинэчлэл эхлүүлье хэмээн зориглосон нь “Шинэ сэргэлтийн бодлого” хийгээд, далд эдийн засагтай буюу хулгайтай тууштай тэмцэж эхэлсэн явдал байв. Монгол Улсын хөгжлийг эргээд хэвийн гольдролд оруулахын тулд чухамдаа ямар салбарт илүү анхаарах вэ гэдгээ холыг харж зурагласнаар зургаан том бодлогоо эрэмбэлж, үүнээс гадна 30 жил назгай явсан хулгайн бүлэглэлтэй тэмцсэн нь эдийн засагт амь тариа болж чадсан хамгийн том ажил болов.

Хөгжлийн банк, нүүрс, Засгийн газрын тусгай сан, Оюутолгойн хууль бус гэрээ, татварын маргаан, Эрдэнэтийн 49, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлал, хулгайн асуудлыг таслан зогсоож чадсаны хүчинд бид өнөөдөр -5 хувиар агшсан байсан эдийн засгаа +7.9 хувийн өсөлттэй болгож чаджээ.

Зөвхөн хагас жилд гэхэд л 1.1 их наядаар төсвийн орлого давж биелж буй нь ямар их мөнгө далд буюу хэдхэн бүлэглэл, улстөрчдийн халаасанд эргэлдэж байсны бодит жишээ. Ерөнхий сайд ч үүнийг өнөөдөр 2023 оны Төсвийн тодотгол өргөн барихдаа "“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэдэг үг бий. Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан гашуун түүхийг Та бид хэзээ ч мартаж, бас давтаж болохгүй ээ.

МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоо цагаас цагт задарсаар байна. Гагцхүү бид тууштай, сонор сэрэмжтэй, хэрсүү хандаж, эхлүүлсэн тэмцлээ хатуу үргэлжлүүлэх учиртай” хэмээн зориуд сануулж хэлнэ билээ.

Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.доллар давлаа. Дефолт зарлах эрсдэл “мартагдаж”, эсрэгээрээ "Чингис", "Самурай" бондын эргэн төлөлтөө хийж дуусгав. Гадаад өрийн хэмжээ буурч, гадны хөрөнгө оруулалт дагаад нэмэгдэхээс гадна ердөө зургаахан сарын хугацаанд 24 сая тонн нүүрс экспортод гаргажээ.

Бид өмнө нь 16 сая тонныг нэг жилд гаргадаг байсан юм шүү. Гэтэл өнөө жил 31 сая тонныг гаргах төлөвлөгөө зурснаас 60 хувийг нь эхний хагас жилд гаргачихав. Ийнхүү эдийн засагт эерэг үр дүн гарч, төсвийн орлого давж биелсэн учраас Монгол Улс цар тахлын дараа анх удаа давж биелсэн орлогоо ард түмэндээ хувааж өгөхөөр төсөвтөө тодотгол хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хэлсэнчлэн улсын төсөв тасалдахад тодотгол хийдэг байсан бол энэ удаа бид давж биелсэн хэмээн тодотгож 1 их наяд 896 тэрбумыг ард түмнийхээ амьдралд бодит дэмжлэг болохуйцаар буюу цалин, тэтгэврийн нэмэгдэлд хувааж зарцуулахаар болов.

Нэг их наяд 896 тэрбумыг хэрхэн зарцуулахыг тоймловол,

-Нийт мөнгөний 50 хувь буюу 996 тэрбум цалин нэмэхэд

-Ахмад настны тэтгэвэр нэмэгдэхэд 96 тэрбум

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт болон өнгөрсөн зургаан сарын мөнгийг нөхөж олгоход 167 тэрбум

-Түгжрэл ба алслагдсан дүүргүүдийн замын ажилд 187 тэрбум

-Зорилтот халамжийн тэтгэмжид 89.3 тэрбумыг тус тус зарцуулахаар шийджээ

Нөгөөтээгүүр, жил гаруйн өмнөхөн л төсвийн орлого тасалдаж, 14.2 их наядаар хэмжигдэж байсан бол 2023 онд энэ тоо 19 их наядад хүрчээ. Үүнээс гадна Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчидтэй тэмцсэн үр дүн амжилтад хүрч -679.4 тэрбумын алдагдалтай, дампуурахад ойрхон байсан банкны эргэн төлөлт сайжирч, +88.6 тэрбумын ашигтай ажиллаж, дампуурлаас бүрэн гарч чадлаа.

Уг нь Монгол Улс алдагдсан цаг хугацаагаа далд эдийн засаг, хулгайтай тэмцэх, цалгар назгай 30 жилийн алдааг баллуурдахад бус “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо тууштай хийхэд зарцуулж суудагсан бол төсвийн орлого энэ байтугай давж биелэх бүрэн дүүрэн боломжтой гэдгийг жил гаруйхан хугацааны энэхүү санаанд оромгүй сэргэлт бидэнд харууллаа. Гэлээ ч Монголын буян заяа их гэгчээр эдийн засгийн өсөлт тун удахгүй хоёр оронтой тоог давж, боомт, автозам, тээвэр логистикийн сэргэлт биднийг төсөв тодотгохгүйгээр өндөр цалинтай амьдруулдаг, Төрийн ордоны гадна жагсахгүйгээр нийгмийн асуудлаа шийддэг тийм нийгэм рүү хөтлөх нь дамжиггүй биз.