ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан нам өнөөдөр ҮБХ-ны хурлаараа генсекээ сонгоно

O.Admin
2023-08-28

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан   өнөөдөр болж байгаа билээ. Хурал 76.5 хувийн  ирцтэйгээр үргэлжилж байгаа аж.  Хуралдаанаар, Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай, гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, тэргүүн дэд дарга, дэд  дарга нарыг томилох тухай, үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах тухай, Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэх юм.

Хурлын талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “ Өнөөдөр 13:00 цагт Ардчилсан намын ҮБХ-ны хурал зарлаж, хөдөө хотын гишүүдээ хүлээж, цаг орчим хойшиллоо. Л.Гантөмөр даргын үндсэн баг бүрэлдэхүүнээр бүрдэж байгаа. Өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх Ардчилсан намын дүрмийг бүртгэсэн. Энэ дүрмийн хүрээнд Ардчилсан намын клуб, француудын дунд ярилцлагууд өрнөж байж, намын бүтэц гарах гэж байна. Ардчилсан намын гишүүд дэмжигчдэдээ 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох бүрэн бүрэлдэхүүнийг батлах гэж байна. Манайх 304 ҮБХ-ны гишүүдтэй байх ёстой. Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор 504 болж байгаа. Бараг 200 орчим ҮБХ-ны гишүүд нөхөж орж, бүрэн эрхийг зөвшөөрч хэлэлцэх асуудлаа ярина.

Ардчилсан нам ирэх 2024 оны сонгуульд өдөр бүр бэлдэж байна. Ирэх 2024 онд шинэ хуулиар анхны 126 гишүүнтэй, пропорцианаль системд 50 орчим хувийг эзлэх байх. Тойргууд дээрээ сайн бэлдвэл ялалт ойрхон байгаа. Ардчилсан намд маш олон лидер байгаа. Намын дарга тэр олон лидерүүдээс хэнийг сонгож, 2024 онд намын гал тогоог барихыг шийднэ. Хэдхэн минутын дараа АН-ын генсекийг сонгоно” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл хурлын төгсгөлд АН-ын генсек хэн байх вэ гэдгийг шийдвэрлэх аж.