ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Ганхуягийн ар гэрийн төлөөллийг Ш.Адьшаа гишүүн Төрийн ордонд оруулжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-12-07

Төрийн ордонд өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар  ажиллаж байсан Б.Ганхуягийн ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийсэн билээ. Ар гэрийн зүгээс түүний биеийн байдал болон нүүрсний хяналтын сонсголд оролцох хүсэлтэй байгааг илэрхийлсэн байдаг. Харин Б.Ганхуягийн хувьд 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа нэгэн юм.

Хэргийг эргэн сануулахад,  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг.

Мөн өчигдөр ХЗДХ-ийн сайд, Нүүрсний хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Нүүрсний сонсголд 178 хүний нэрийг тогтоолоор баталсан. Үүний дунд Б.Ганхуяг бий. Уг тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг нь үдээс хойш яригдах асуудалд гэрчээр дуудагдсан. Прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байгаа гэсэн хариу ирлээ. Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаанд хэн ч байсан хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглодог. Шүүхийн шийдвэрийг бид хүчингүй болгож өөрчилж чадахгүй” гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр

"Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн  ар гэрийн төлөөллийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран над руу зохион байгуулалттай акц  хийжээ. Сонсгол бүхэлдээ үр ашиггүй, үр дүнгүй юм байна  гэдэг ойлголтыг өгч,  таслан зогсоох сонирхолтой байна. Үүнийгээ таслан зогсоох хэрэгтэй. Ер нь нүүрсчид энэ ажлыг их эрчимтэй зохион байгуулж байгаа. Ш.Адьшаа гишүүн хоёр дахь сонсголд гэрчээр дуудагдсан. Өнөөдрийн сонсгол дээр ч яригдана. Хоёр дахь сонсгол дээр гарч ирэх том нүүрсчид энэхүү акцыг хамтарч зохион байгуулсан байна лээ. Энэ ажлаа одоо зогсоо. Та бүхний аливаа санаархалд автахгүй” гэв.