ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СУРВАЛЖИЛГА: Хүйсийн давуу байдлаар биш бодлогоор өрсөлдөе

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-05-02

“Эмэгтэйчүүд бид хамтдаа эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих ёстой гэсэн хүйсийн давуу байдлаа өмнөө тавьсан уриа лоозонгоос одоо салцгаая. Хүчирхэг улс төрийн лидер болохын тулд өөрсдийгөө эхлээд бэлтгэж дараа нь харин “тэнцвэртэй төлөөлөл” байх зарчмаар ярьцгаая. Иргэд олон нийтийн дунд улс төрийн талаарх жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх буюу сонгогчийн боловсролыг дээшлүүлье” хэмээн Нийслэлийн СДМЭХ-ны шинэхэн тэргүүн, GenZ үеийн төлөөлөл, “Үжин” брэндийг үүсгэн байгуулагч Б.Ану-Үжин ярилаа.

Үе үеийн сонгуульд ачааны хүндийг үүрэлцэж, улс төрийн нам бүхний ялалтад голлох үүрэг гүйцэтгэдэг атлаа өнөө хүртэл гүйцэтгэгч төдий явж буй эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх талаар тавьсан түүний сонин, содон илтгэл Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөнийг зорин ирсэн олон, олон эмэгтэйчүүдэд урам өгч, тэдний итгэл урмыг сэргээж байх аж.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар

-УИХ-д 13

-НИТХ-д 8

-21 аймгийн Засаг дарга нар дунд 1

-Дүүргийн есөн Засаг дарга нар дунд 1

-Дүүргийн ИТХ-ын дарга нар дунд 3

-Хорооны 204 Засаг даргын 82 нь эмэгтэй удирдлага байгаа нь нийт хүн амын 53 хувийг бүрдүүлж буй хүйсийн төлөөллийн хувьд маш хангалтгүй тоо. Бодлого боловсруулагч биш та нар зөвхөн гүйцэтгэгч гэсэн өнцгөөр эрчүүд хандаж, эмэгтэйчүүд зөвхөн хүйсийн давуу байдлаараа улс төрд орж ирдэг гэсэн хуучирсан хандлагаас шалтгаалан үеийн үед энэ тоо нэмэгдэхгүй явсаар ирсэн учраас ирэх хоёр сонгуулиар үүнийг хэрхэн өөрчлөх талаараа тэд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд цуглаж хэлэлцэв. Угтаа хүйсээр биш бодлогоор өрсөлдөе, хүчтэй эмэгтэй лидерүүдээ хүлээн зөвшөөрье, эмэгтэйчүүд хамтдаа эерэг өөрчлөлтийг бий болгохын тулд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг нь энэ өдрийн уулзалтын гол мессеж байлаа.

Хүн амын дунд явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн сул талыг нэрлэхдээ,

-Багийн ажиллагаа муу

-Зориггүй, аймхаа

-Санхүүгийн чадавх сул

-Шантрамтгай

-Манлайлал хангалтгүй

-Шийдвэр гаргах чадвар сул

-Үг даахгүй гомдчихдог

-Амбицгүй буюу улс төрийн идэвхгүй хэмээн тодорхойлжээ. Харин давуу талыг нь мэдлэг боловсролтой, шударга үнэнч, ажил хэрэгч, хариуцлагатай, тууштай хичээнгүй, амьдралд ойр асуудлыг олж хардаг, хөдөлмөрч олон ажлыг зэрэг амжуулдаг, мэдрэмжтэй, нягт нямбай, авлигад автах нь бага, фракци бүлэглэл зохион байгуулахгүй хэмээн иргэд тодорхойлсон байх юм.

Харин өнөөдрийг хүртэл улс төрд оролцож, шийдвэр гаргаж буй эмэгтэйчүүд эдгээр давуу талуудаа товойлгож чадаагүйгээсээ үүдэн нэр хүнд нь унаж, тэр хэрээр эмэгтэй улстөрчийг хийсэн ажлаас нь илүү хий гишгэсэн алдаа, сул талыг нь илүүтэй олж харах болсон учраас бодлого боловсруулах түвшинд тэнцвэрт төлөөллөө хангаж чадахгүй явааг тэнд илтгэл тавьсан хүмүүс онцолж байсан юм.

Тухайлбал, СДМЭХ-ны тэргүүн Х.Булгантуяа нээж үг хэлэхдээ “Ачааны хүндийг үүрдэг бүсгүйчүүдийн төлөөлөл өнөөдөр энэ танхимд сууж байна. 2024 онд маш хариуцлагатай жил. Найман жилийнхээ дүнг тавиулна. Мөн “Шинэ сэргэлт”-ийн бодлогоо хэрэгжүүлэхээс гадна бүсчилсэн хөгжлийг хамтдаа түүчээлэх учиртай. Өнөө жил СДМЭХолбоо 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Бид энэ хүртэл олон эмэгтэйчүүдийг шат, шатны байгууллагад бэлтгэж гаргасан.

Эмэгтэйчүүдийн дуу хоолойг төрийн бодлогод хүргэж ирлээ. Цаашдаа илүү хариуцлагатай байх цаг үе ирж байгааг онцлоё. Энэ цагт залуу үеийн төлөөлөл Нийслэлийн СДМЭХ-г тэргүүлж, индрээс шийдэл ярьж байгааг сонсоод баярлаж байна. Эрч хүчтэй даргатай болсон та бүхэн илүү хүчтэйгээр дуу хоолойгоо гаргаарай. Та бүхний дуу хоолой ямагт хүчтэй байсаар ирсэн шүү. Сэтгэл зүрх, эрч хүч та бүхнээс гарсаар байдаг шүү.

Цаашдаа орон нутгийн сонгуульд хүчтэй оролцох, иргэдэд чиглэсэн бодлогод эмэгтэйчүүдийн дуу хоолойг өндөр байлгахын тулд хичээцгээе. Эмэгтэйчүүд улс төрд олноор гарч ирснээр бодлогын олон шийдэл өөрчлөлт хийгддэг гэдгийг эмэгтэй улстөрчид бид нотлохыг хичээн ажиллаж байна. сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлыг халлаа. Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг байдлыг арилгалаа. Хүүхэд, эмэгтэйчүүд хамгааллын шинэ хуультай болсон гээд нийгмийн олон асуудалд шийдэл олсон. Цаашдаа үүнийг илүү өргөжүүлэхийн тулд хамтдаа бодлого боловсруулах түвшинд олуулаа ажиллацгаая” хэмээлээ.

Эмэгтэйчүүд улс төрд олноор орж ирснээр төр иргэний нийгмийн уялдаа холбоо сайжрах, нийгэм улс орны хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, авлига албан тушаалаа ашиглахаас ангид байхаас гадна төрийн бодлого шийдвэрт чанарын өөрчлөлт гарах учиртай. Гэвч, өмнөх хэлсэн сул талуудаас гадна давхар стандарт, хөрөнгө санхүүгийн чадамжгүй байдал, иргэдийн жендэрийн талаарх хэвшмэл ойлголт буюу “бүсгүй хүний үс урт, ухаан богино” гэх буруу хандлага, сонгогчийн боловсролын түвшин, гэр бүл үр хүүхдэдээ зарцуулж буй цаг хугацаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ.

Тэгвэл СДМЭХолбоо болон нийслэлийн салбар холбооны зүгээс орон нутгийн сонгуульд 30 хүртэл квотыг хадгалах, “Хотын соёл” зорилтот аяныг эхлүүлэх, “Эрүүл монгол эмэгтэй” нөлөөллийн аяныг үргэлжлүүлэх, дэргэдэх клубуудыг нээх зэргээр эмэгтэйчүүдээ чадавхжуулах ажлыг үе шаттай эхлүүлнэ гэдгээ дуулгав. Шийдвэр гаргах түвшинд манлайллыг бий болгохоос гадна хүн амын талыг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн асуудлаар эрх баригч нам цаашдаа ямар бодлого баримталж ажиллах талаар шийдвэр гаргах түвшинд удирдах алба эрхэлж буй бүсгүйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.

СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны тэргүүн Б.Ану-Үжин: 

Keterangan tidak tersedia.

-“Эмэгтэйчүүд олуулаа” гэдэг уриан дор өнөөдрийн удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр эмэгтэйчүүд бид олуулаа хүчтэй, ямар ч асуудлыг давж гарч шийдэж чадна, өөрсдийнхөө өмнө тулгамдаж байгаа маш олон асуудлыг хамтдаа давж гарч чадна гэсэн мессежийг өгөхийг зорьж байна. Нийслэлийн салбар холбооны зүгээс маш олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Эмэгтэйчүүд зөвхөн гүйцэтгэгч биш. Гэвч удирдах түвшинд эмэгтэйчүүд олуулаа болж чадахгүй байна. Маш олон салбарт эмэгтэйчүүдийг дэмжинэ гэх ч бодит байдалд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо маш бага байдаг. Энэ тоог яаж олон, бодит болгох вэ, илүү хяналт тавих вэ гэдэг дээр маш олон ажлуудыг төлөвлөнө. 

Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг эмэгтэйчүүд л хамгийн сайн мэддэг. Тэр утгаар эмэгтэйчүүдийн санал санаачилгыг бид сонсох ёстой.  Сонсоод дэмжих ёстой.  Сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн квот 30-аас доошгүй байна гэж заасан. Харин орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн квотыг одоогоор тодорхой заагаагүй байна.  Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ олуулаа болгохын тулд квотын тал дээр дуу хоолойгоо хүргэж, эмэгтэйчүүдийн квотыг УИХ-ын сонгуулийн нэгэн адил 30 хувьд хүргэж, эмэгтэйчүүдийн төлөөллийг тэгш хамруулаач гэсэн уриалгыг хүргэнэ. Манай холбоо намын мөрийн хөтөлбөрт санал боловсруулж байгаа. Маш олон судалгааг нийгмийн бүх салбарт явуулж, үр дүнгээс эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд нийслэлийн салбар холбоо манлайлж ажиллана. Үүнийгээ ч намын хороонд илэрхийлж, саналаа тусгуулахаар судалгааны түвшиндээ явж байна.

СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай: 

Keterangan tidak tersedia.

-СДМЭХ 21 аймаг есөн дүүрэгт салбартай. 120 мянган гишүүнтэй. Энэ салбар холбоодын хамгийн том айл нь нийслэлийнх. Өнөөдрийн зөвлөгөөнөөр УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох манлайлагч ямар эмэгтэйчүүд байна, тэд нийгмийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудлаар шийдвэр гаргах түвшинд бодлогын шинэчлэлт хийх чадамжтай юу гэдгийг харуулахыг зорилоо.

Хоёрдугаарт, нийслэлийн МАН-ын холбооны дарга Д.Сумьяабазар СДМЭХ болон нийслэлийн салбар холбоонд мөрийн хөтөлбөр боловсруулахад гар бие оролцох санал тавьсан. Энэ бол бидний хувьд маш том давуу тал. Бид мөрийн хөтөлбөрөөр дамжуулж нийгэмд тулгамдаж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, боловсролын хүртээмж, эрүүл мэндийн асуудлыг шат шатанд гаргаж өөрчлөх боломж гарч ирлээ гэж үзэж байгаа. Өнөөдрийн удирдах ажилтны зөвлөгөөн эмэгтэйчүүд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлэн эвлэлдэн нэгдэж, хамтран зохион байгуулж байгаагаараа давуу талтай. 

СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны дэд дарга Б.Пүрэвсүрэн:

Keterangan tidak tersedia.

-МАН-ын дэргэдэх СДМЭХ, түүний салбар болох НСДЭХ шинэ бүтэц бүрэлдэхүүн удирдлагын багаараа эхний үйл ажиллагаагаа “Бид олуулаа” нэртэйгээр зохион байгуулж байна. Хүйс, оролцоо, нийгмийн байдлын хувьд эмэгтэйчүүд олуулаа гэх тоо явдаг. Гэвч, шийдвэр гаргах түвшинд, удирдлагын бүрэлдэхүүнд, улс төрийн манлайлалд бид олуулаа байна уу, эмэгтэйчүүдээ дэмжиж чадаж байна уу гэх мэт олон асуултын ард өнөөдрийн үйл ажиллагаа болж байгаагаараа онцлог.

Түүнчлэн, УИХ-ын сонгуулийн өмнө болж буйтай холбогдуулан улс төрийн өнгө аястай сэдвийг хөндөж байна. Өнөөдөр уригдсан илтгэл танилцуулах зочид, панелист, зохицуулагчид бүгд хууль тогтоох байгууллага болон Засгийн газрыг төлөөлж ажилладаг эмэгтэйчүүд юм. Тэднээс хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын түвшинд олуулаа болбол нийгэмд ямар өөрчлөлт авчрах, юуны учир олуулаа болж чадахгүй байна вэ, эсвэл эмэгтэйчүүдийг дэмжихгүй байна уу, эмэгтэйчүүд өөрсдөө бэлэн үү зэрэг хэд хэдэн асуултыг асууд хамтдаа хариулт эрэлхийлэхийг зорьж байна. Нөгөө талаар, энэ жил жирийн эмэгтэйчүүд болон шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийг холбох гүүр болж ажиллах чиглэлд анхаарч ажлуудаа төлөвлөж байгаа. Өнөөдрийн үйл ажиллагааг нээлтийнх гэж хэлж болох байх. Хүн бүр улс төр сонирхох албагүй. Гэхдээ эмэгтэй хүн бүрийн санал шийдвэр гарах түвшинд чухал байна. Тиймээс цаашдаа нэгжилж ажиллахыг зорино.

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн:

-Эмэгтэйчүүд олуулаа болъё гэж өнөөдөр бид чуулж байна. Гэхдээ энэ нь хүйсийн хувьд биш юм. Харин шийдвэр гаргах түвшинд буюу шийдэл олоход анхан дунд шатанд, эсвэл гүйцэтгэх шатанд бус бодлого боловсруулъя гэдгийг ярьж байна. Манай нам жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд улс төрийн соёл гарган бусад улс төрийн намуудтай ярилцаж, эмэгтэйчүүдийн манлайллыг хангах талаар ажиллаж байна. НИТХ-д найман эмэгтэй төлөөлөгч байгаа нь 45-тай харьцуулахад учир дутагдалтай. Гэхдээ нийт хүн амын 51 хувийг бүрдүүлдэг төлөөллийн төлөө дуу хоолойгоо өргөж ирлээ. Нийслэлийн эмэгтэйчүүдийн 65 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж буй. Тэдний асуудлын төлөө ажилласаар ирлээ.

Гэхдээ эмэгтэй хүн л эмэгтэйнхээ төлөө дуугарна гэдэг учир дутагдалтай. Нийтээрээ эрүүл нийгмийг бүтээхийн төлөө бүгд дуу хоолойгоо нэгтгэдэг байх, эмэгтэйчүүдээ сонсдог, хүлээн зөвшөөрдөг байя. Дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүдийн дуу хоолой тод байж, шийдвэр гаргах түвшинд олуулаа байх тусмаа зөв, эерэг нийгмийг бүтээж байна аа. “Бүх зам Ром хүрнэ” гэдэг шиг нийгэмд тулгарч буй олон бэрхшээл явсаар байгаад орлоготой шууд холбогддог.

Тэгэхээр өрх айлаар бодсон ч айлын ээж сэтгэл санаа тайван, орлоготой байвал тэр гэр бүл тайван байдаг. Тэр ч утгаараа өрх толгойлсон ээжүүд, гэр бүлээ хариуцаж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр миний хувьд сүүлийн дөрвөн жил ажиллалаа. Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих газраар дамжуулан орлоготой эмэгтэйчүүд, иргэдийг олноор бэлтгэх бодлого хэрэгжүүлж ирлээ.

Цаашдаа ч манай нам энэ чиглэлд тууштай ажиллах байх. Үр хүүхдээ хөтлөөд явах стандартын замтай, аюулгүй хотдоо хөдөлмөр эрхлээд явах боломжийг бүрдүүлэхийн төлөө дан ганц манай нам гэхгүй бүх улс төрийн хүчин анхаарч, мөрийн хөтөлбөртөө ч тусгаж ажиллаасай гэж хүсэж байна. Гэхдээ халамж байдлаар биш 1.5 сая төгрөгийн бодит орлого нь тэр айлын хаалгаар ордог, боловсрол, мэдлэгт нь зарцуулагддаг байх нийгмийг бий болгоё гэж хичээж, энэ чиглэлээр ч дуу хоолойгоо гаргаж яваа.

...Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг бүсчилсэн хөгжлийн асуудлаар илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Төв намаас УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн эмэгтэй нэр дэвшигчдийг мөн танилцуулав. Одоогоор 11 эмэгтэй улстөрч нийслэлийн дүүргүүдэд өрсөлдөхөөр хүсэлтээ өгөөд байгаа аж.