ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Батзаяа: Шинэ үе оролцож эхлэхэд бүх зүйл өөрчлөгдөнө

O.Admin
2024-05-15

Ардчилсан намын Залуучуудын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Б.Батзаяатай ярилцлаа.

-Залуучуудад хандсан ямар бодлого хэрэгжүүлж, ямар ажлуудыг Ардчилсан нам хийж байна вэ?

-Ардчилсан нам анх байгуулагдсан цагаасаа л залуучуудын нам байсан. Тэр утгаараа шинэ үеэ дэмждэг уур амьсгал өдий хүртэл хадгалагдаж байгаа гэж боддог. Ардчилсан намын хувьд энэ оны эхээр таван залууг Нарийн бичгийн даргаараа томилсон. Энэ нь зөвхөн улс төрийн томилгоо гэхээсээ илүүтэйгээр Ардчилсан намд залуучуудын орон зай байсан, байгаа, байх болно гэдгийг илэрхийлсэн том мэдэгдэл болсон. Нарийн бичгийн дарга нарын хувьд намын мөрийн хөтөлбөр дээр голлож ажилласан. Амаргүй боловч суралцах зүйл ихтэй хугацаа өнгөрлөө. Намын мөрийн хөтөлбөр гэдэг бол тухайн улс орны цаашдын хөгжлийг тодорхойлоход маш чухал баримт бичиг. Үе үеийн төлөөлөл мөрийн хөтөлбөр боловсруулахад оролцсон. Мэргэжлийн холбоод, салбар салбарын шилдгүүд, залуучуудын төлөөлөл гэх мэт. Шинэ үе өнөөдрөөс илүү нээлттэй, шударга, гэгээлэг нийгэмд амьдрахыг хүсэж байгаа. Мөрийн хөтөлбөрийн бүх хэсэгт өнөөдрийн залуус ирээдүйд сэтгэл хангалуун амьдрах, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Ер нь ирж байгаа цаг, шинэ үедээ зориулж бодлогоо тодорхойлох нь нэн чухал.

-Залуучууд улс төрийн идэвхгүй, сонгуульд саналаа өгдөггүй гэсэн шүүмжлэл байдаг. Тиймээс энэ тал дээр юу хийхээр төлөвлөж байна. Ер нь яагаад залуучуудын улс төрийн идэвх сул байна вэ?

-Залуучуудын улс төрийн идэвх муу, оролцоо бага байна гэхээсээ илүү өөр хүчин зүйлс бас байна гэж би хардаг. Жишээлбэл, өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээс харахад 18-19 насны хүмүүсийн 56.5, 20-24 насныхан 43, 25-29 болохоор 46, 30-34 болохоороо 50 хувиас даваад явчихаж байна. Эндээс хамгийн бага хувьтай оролцсон нь 20-24 насны хүмүүс байгаа юм. Тэгэхээр энэ насны хүмүүсийн хувьд их, дээд сургуулиа төгсөөд эхний нэг, хоёр жилдээ явж байгаа үе. Надад ч ийм зүйл тохиолдож байсан. Орон нутгаас ирж суралцсан оюутнуудын ихэнх нь бүртгэлийн асуудалтай байдаг.

Анхны ажилдаа орчихсон, эсвэл магистрын хичээлтэй байж таардаг. Шилжих хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй учраас орон нутаг руу явж саналаа өгөхөд тэдэнд хэцүү. Тиймээс санал өгөлтийн хувь бага гарахад нөлөөлж байна гэж боддог. Энэ насны хүмүүсийн саналын хувийг яаж нэмэгдүүлэх вэ. Хэрхэн оролцоог нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр бодох ёстой. Увс, Ховдод бүртгэлтэй ч Улаанбаатар хотод саналаа өгч болох уу, болохгүй юу гэдэг талаас нь ч харах хэрэгтэй.

-Орон нутагт хаягийн бүртгэлтэй ч Улаанбаатар хотод саналаа өгөх боломжийг нээж өгнө гэхээр эргээд “Царцаа”-нуудад боломж болчих юм биш үү?

-Яг сонгуулийн санал өгөх зохицуулалтууд чинь нэлээд нарийн шүү дээ. Сонгуулийн тухай хуулиас гадна олон талын судалгаанууд шаардлагатай. Харин хүчин зүйлсийг нь бодохоор хаягийн шилжилтээ хийлгээгүйгээс санал өгөх хувь буурч байгаа нь бодитой зүйл. Хамгийн энгийн нь сонгуулийн өдрөө зөв сонгоход л сонгуулийн ирцэд нөлөөлөх боломжтой. Яагаад заавал баасан гариг, тав дахь өдөр гэж, ажлын өдрүүдийн дундуур сонгуулийн санал хураалтыг зохион байгуулах бүрэн боломж байсан. Оновчтой шийдэл байгаа боловч хийхгүй байгаа эрх баригчдад залуучуудыг санал өгүүлэх сонирхол байгаа эсэхт эргэлзэж байна.

-Залуучуудыг эх орноосоо дайжиж байна гэж ярьж байгаа. Эндээс явж л байвал хаашаа ч яах вэ гэх хүн ч олширсон байна. Тэгэхээр яаж энэ залуучуудын гадагшаа явж байгаа урсгалыг бууруулах, зогсоох вэ?

– АНУ-д 40 мянга, Европт 43 мянга, Солонгост 56 мянга, Японд 16 мянган монголчууд байна гэсэн тоог сүүлд харсан. Энэ тоо мэдээж маш их өөрчлөгдөж байгаа. Ер нь маш олон мянган монголчууд гадны улс орнуудад байгаа. Мөн бид сүүлд судалгаа хийж үзэхэд бакалаврын түвшний оюутнуудын 2/3 нь гадагшаа явж сурах хүсэлтэй байгаа юм. УИХ дээр ярьснаар 300 мянган хүн эх орноосоо явсан гэсэн. Зарим нь боловсрол эзэмшихээр явж байгаа. Гэхдээ ихэнх нь дүрвэх байдлаар явж байгаа нь нууц биш. Шалтгаан нь эдийн засаг, орчин, ажлын байрны хомсдол, цалин хөлсний хүртээмж гээд бидэнд тулгамдаж байгаа олон асуудлаас болж байгаа. Хэрэв сарын цалин нь амьдралд нь хүрчихдэг, элдэв санаа зовох зүйл бага байвал хэн ч эх орноосоо явъя гэж бодохгүй шүү дээ. Залуучууд эх оронч биш учраас дүрвээд байгаа юм огт биш. Гадагшаа явж буй энэ урсгалыг багасгахын тулд улс орныхоо суурь үзүүлэлтүүдийг сайжруулах, авлигыг бууруулж, хүний эрх, эрх чөлөөг сайжруулах, хувийн хэвшлээ дэмждэг бодлого хэрэгтэй.

-ХНХ-ын сайд Х.Булгантуяа гадагшаа явсан залуусаа авч ирнэ гэж ярьсан?

-Бид сэтгэлгээндээ өөрчлөлт хийх шаардлагатай байна. Би тэр хүнийг гадаадад сургууль төгссөн гэж ойлгодог. Гэтэл ингэж хүчээр асуудлыг шийдэх гэж оролдож байгаа нь үнэхээр харамсалтай. Бид чинь өнөөдөр ардчилсан улс оронд амьдарч байна. Асуудал нь гадагшаа яваад байгаа хүмүүст байгаа юм биш. Дээр хэлсэн суурь үзүүлэлтүүдээ л сайжруулчих юм бол хүссэн хүсээгүй гадагшаа явсан хүмүүс маань эх орондоо буцаад л ирнэ. Харин авлига хээл хахууль нэмэгдээд, хүний эрхийг уландаа гишгээд, эдийн засаг доройтоод байх юм бол залуучууд гадагшаа явах л болно. Түүнээс биш хүчээр хүмүүсийг хорьж байлгана гэвэл ардчилсан нийгэмд байж болохгүй сэтгэлгээний гажуудал шүү дээ.

-Танай намд гишүүнээр элсэх залуучууд хэр нэмэгдэж байна вэ?

-Манай намын хувьд гишүүдийн тоо нэмэгдэж байгаа. Тэр тусмаа залуу хүмүүс элсэх нь их болсон. Ер нь залуучууд, шинэ үе оролцож эхлэхэд бүх зүйл өөрчлөгдөнө. Санал өгөх нийт хүмүүсийн 18-35 насныхан бүгдээрээ очоод саналаа өгөх юм бол сонгуулийн хувь заяаг бүрэн шийднэ.

-Нэр дэвшилтэд залуучуудаа хэр дэмжих вэ?

-Энэ удаагийн сонгууль том тойргоор явагдана. Тэр утгаараа маш олон залуу, шинэ хүмүүсийн зоригийг мохоож байна. Эрх баригчдын хийсэн энэ өөрчлөлт маш том хаалт болсон. Санхүү мөнгөний хувьд дийлэхгүй. Дээрээс нь 17 хоногийн хугацаанд танигдаж амжихгүй гээд олон асуудал бий. Гэсэн ч Ардчилсан намын хувьд залуучууддаа бүрэн нээлттэй байгаа.