ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: ХҮН намд төрийн худалдан авалтын бүх тендерийг өгнө

O.Admin
2024-07-09

УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайд хуулийн төслийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Өнгөрсөн 30 жилд гоё бүтэц зохион байгуулалттай орж ирдэг ч үр дүн нь муу байгаа. Шалтгаан нь сайд дарга нар төсөв, тендер, сангуудыг ид шид олчихлоо гэж боддог. Татвар, төсвийг бүрдүүлж байгаа бизнесийн төлөөллийн байгууллагатай зөвшилцөх механизм байгаа юу. Маргаан таслах гомдлын механизм нь яам, төрийн байгууллагын бүтцэд яаж туссан бэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

Скандинав ч юмуу сонгодог парламент буюу зөвшилцлийн ардчилал хөгжсөн улсуудад дандаа институци хоорондоо харилцдаг. Жишээ нь гурван талт хэлэлцээр. Та бүхэн мэднэ Худалдаа аж үйлдвэрийн танхим, үйлдвэрчний эвлэл, Засгийн газар гурав. Институциуд хоорондоо байр сууриа нэгтгэж асуудлаа ярилцдаг. Энэ ч агуулгаар энэ эрхзүйн нөхцлийг өөрчлөөсэй гэж хүсэж ШУА, ҮЭ, МХАҮТ-ыг урьсан. Энэ хүмүүсийг намжуулах гэсэндээ биш. Харин парламент илүү нийгэмжээсэй гэж хүссэн юм. Бид тендер сонгон шалгаруулалттай холбоотой бүх асуудлуудад том реформ хийх ёстой. Энэ агуулгаар өнөөдрийн Засгийн газрын бүтэц дээр ХҮН намд төрийн худалдан авалтын бүх тендерийг өгч байгаа. Илүү өөр өнцгөөс харах эрх чөлөө байгаасай гэж бодож байна. Үүнийг цахимжуулах, илүү сонгодог хэлбэр рүү оруулах, чанаржуулах реформ энэ парламентад хийгдээсэй.

Төсөв батлагдаад гэрээнд шаардлагатай төсвийг заавал яамд өөрсдөө тендер зарлахгүйгээр танхимд өгч болно. Гол нь эрхзүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Танхим өөрөө аудиттайгаар хувийн хэвшилтэй ямар төсөл дээр яаж хамтрах вэ гэдгийг хийж болно. Түүнийг өөрөө аудит аудитладаг байж болно. Төрд төсөв эрх мэдлийг төвлөрүүлээд өөрсдөө түүндээ бялуурах асуудал үүсдэг. Таны хэлж байгаатай санал нэг байна.