Өнгөрөгч долоо хоногт улс төрийн үйл явдал өрнүүн, тэр хэрээрээ сайн мэдээ олон дуулдлаа. Нэг талдаа орон нутгийн сонгууль гээд улс төрийн нам, нэр дэвшигчид бродюр мэтийн жижиг сэдэв тойрон хэрэлдэж байгаа ч цаана нь улс орны том бодлого, сэргэлт авчрах ажлууд энэ бүх улстөржилтөөс ангид явах замаараа явж, үр ашгаа өгч буй нь талархууштай. Тэгвэл энэ өвлийг энх тунх, элдэв осол авааргүй давж чадах нь уу хэмээн эргэлзэж байсан эрчим хүчний салбарт сэргэлт авчрах, сэхээнээс бага ч болов гаргах томхон үйл явдал өнгөрөгч долоо хоногт болсныг тоймлон хүргэе.
30 жилийн дараах амь тариа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт Төв аймгийн Баянжаргалан, Баян, Багануурт баригдаж буй эрчим хүчний гурван том төслийн талбайгаар орж, эхний блокийн нээлтэд оролцоод ирэв. Тодруулбал, Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн, төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж буй 600 МВт цахилгаан станцын эхнийх буюу 150 МВт хүчин чадалтай станцын нээлт энэ амралтын өдөр боллоо.
Энэхүү төсөл дөрвөн үндсэн блокоос бүрдэх бөгөөд эхнийх нь ашиглалтад орсноор энэ өвөлдөө нийслэлчүүд тог, цахилгааны бэрхшээл, зүдгүүртэй асуудлаас ч бага ч болтугай ангижрах эхлэл тавигдаж байгаа нь талархалтай үйл явдал мөнөөс мөн билээ. Нэн тэргүүнд бидэнд 200МВт цахилгааны хэрэгцээ шаардлага байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг бөгөөд үүний 70 хувийг нь ч болтугай хангахуйц энэхүү бүтээн байгуулалт нь эрчим хүчний салбарт сүүлийн 30 жилд хийгдээгүй том бүтээн байгуулалт гэдгээрээ онцлогтой. 1984 оноос хойш уналтад аажим аажмаар ороод байсан эрчим хүчний салбарт 30 жилийн дараа л ийнхүү амь тариа залгаж байна.
Монгол Улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд анхны том чадлын 80 МВт-ын батарей хуримтлуурын станц, Чойбалсангийн Дулааны цахилгаан станцын 50МВт-ын өргөтгөл, Амгалан дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл, “Сонгино” дэд станцын өргөтгөлийг ашиглалтад оруулаад байгаа ч өдөр өдрөөс өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангаж дийлэхгүйд хүрээд буй.
Цаашдаа Тавантолгойн 450 МВт Дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт усан цахилгаан станц, Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станцын төслөөс гадна Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үлдсэн гурван блокийг товлосон хугацаандаа буюу 2025, 2027, 2028 онуудад ашиглалтад оруулж чадаж гэмээнэ жинхэнэ утгаараа эрчим хүчний сэргэлт болох билээ.
Ерөөс хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 том мега төсөлд гол анхаарлаа тавина гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн бөгөөд эдгээрийн 50-иас илүү хувь нь уул уурхай болон эрчим хүчний салбарын сэргэлтийг авчрах том төслүүд байх болно хэмээн онцолж буй.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр 1100 ажлын байр бий болж, 2000 гаруй хүн амьдран суудаг шинэ суурьшлын бүс бий болох учиртай. Мөн энэхүү ажлыг эхлүүлэхэд Улаанбаатар хотын нэрээр босгосон 500 тэрбумын бондоос 300-г нь зарцуулжээ.
Тэгвэл нийслэлийн алслагдсан дүүрэг буюу Багануурт баригдаж буй батарей хураагуурын станцыг өвлийн оргил ачааллын үед ашиглалтад оруулахаар 5 га газарт бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаатай мөн л Ерөнхий сайд холбогдох сайд нарын хамтаар очиж танилцсан аж. Энэхүү төслийн санхүүжилтийг мөн л НЗДТГ-аас гаргаж байгаа бөгөөд өвлийн ид ачааллын үеэр шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад эргээд өдрийн оргил ачааллын үед төвийн системд нийлүүлнэ гэдгээрээ 50 мв/200мв.ц-ын батарей хуримтлуурын станц өндөр ач холбогдолтой.
Монгол Улсын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейны эхний хэсэг орж ирсэн гэдгийг уншигч танд дуулгая. Тэгвэл эрчим хүчний гуравдахь сайн мэдээ нь Баян суманд баригдаж буй 660 МВт-ын Дулааны цахилгаан станц бөгөөд уг төслийг 2025 онд эхлүүлж, 2028 онд хүлээлгэн өгснөөр төвийн болон өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газрууд, аж үйлдвэрийн төслүүд цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэх нь ээ.
35 мянган ажлын байр бий болгох төсвийн төсөл
Цоо шинэ 30 жилийг эхлүүлнэ хэмээн 126-уулаа болж, олон намын төлөөлөл бүхий хамтарсан Засгийн газар байгуулсан улс төрийн намууд шинэ 30 жилийн эхлэлийг тавих 2025 оны төсвийн төслөө өнгөрөгч долоо хоногт УИХ-д танилцуулав.
Жалга довны үзлээс татгалзсан, эрэмбэ дараатай, эхлүүлэх ажил нь тодорхой сахилга баттай төсөв батлах сайн жишээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч оноос эхлүүлсэн билээ. Учир нь 2024 оны төсвийн төслийг өргөн барихаасаа өмнө 21 аймгаар явж иргэдтэй хэлэлцсэний үр дүнд тухайн аймаг, суманд зайлшгүй хэрэгжих төслүүдийг иргэдийн саналаар эрэмблэн төсөвт санхүүг нь суулган шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл энэ удаа УИХ-д төсвийн төслөө танилцуулахдаа жалга довны үзлээс ангижирсан, парламентад суудалтай хийгээд суудалгүй намуудын эрх ашгаар эрэмбэлсэн 14 том мега төслийг хэрэгжүүлэхээс гадна бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл гэдгээрээ давуу талтайг дуулгав.
Ерөнхий сайд индрээс төсвийн төслөө танилцуулахдаа “Хурдтай хөгжлийн төлөөх зориг гэрээнд үндэслэсэн, бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл” хэмээн тодотгоод, дээрх 14 төслөө хэрэгжүүлж чадаж гэмээнэ ДНБ нэг хүний 10 мянган ам.долларт хүрэх боломжтой хэмээв.
Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтэгдэхүүн 4.000 ам.долларт 10 гаруй жил гацсаны эцэст боомтын нэвтрэх хүчин чадал сайжирч, эрдэс баялгийн салбарын далд эдийн засаг ил болж, аялал жуулчлалаас олох орлого нэмэгдсэнээр 2023 онд 6.000 ам.доллар давсан бол, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 79.2 их наяд төгрөг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6.800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байгааг мөн дуулгав. Хэрэвзээ эдгээр 14 төсөл элдэв улстөржилтгүйгээр урагшилж гэмээн бүс нутагтаа ч бид эдийн засгийн өсөлттэй улсын дээгүүрт бичигдэж, цаашлаад зээлжих зэрэглэл маань ч нэмэгдэх учиртай.
Тэгвэл 2025 он буюу асар их хүлээлт, өндөр хариуцлага, шинэ гарааны эхэнд батлагдах төсвийн төсөлд ямар ямар онцлох бүтээн байгуулалт, ажлууд эрэмбэлэгдсэнийг тоймлоё.
-2025 оны төсвийн төсөлд дэд бүтцийн 38 шинэ төслийг санхүүжүүлнэ
-Ирэх дөрвөн жилд 4,440 км орчим авто зам барих, ирэх оны төсөвт 2,100 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ
-1,650 МВт шинэ эх үүсвэрийг бий болгох болон цэвэр эрчим хүчний шилжилтийн зардал
-Он дамнасан 602 төслийг бүрэн дуусгах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ
-Улсын хэмжээнд 90 сургууль, 62 цэцэрлэг, 31 эмнэлэг, 22 дотуур байр, соёл, спортын байгууламж 60, гэр бүл, нийгмийн хамгааллын 18 байгууламж бүрэн ашиглалтад орно.
-Ирэх оны нэгдүгээр сараас өндөр насны тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалинг инфляцтай уялдуулан зургаан хувь нэмэгдүүлэхээр тусгалаа.
-1.0 их наяд төгрөгийг орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд зарцуулж, 13.0 мянган иргэнийг хамруулна.
-Улаанбаатар хотод 1992-2021 оны хооронд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2028 он хүртэл гурав дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ хэмээн тусгажээ. Мөн эрэмбэ дарааллын эхэнд мэдээж уул уурхай, эрчим хүч, боомтын сэргэлтийг авчрах 14 мега төсөл байх учиртайг ч чуулганы индрээс дуулгана билээ.
Хэрвээ 2025 оны төсвийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж чадвал,
-Эдийн засгийн өсөлт 7-8 хувь
-Экспортын орлого 19.0 тэрбум ам.доллар
-Гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар
-Өрхийн бодит орлого дунджаар 15 хувь
-Бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэхээс гадна 35.0 мянган ажлын байр шинээр бий болно хэмээлээ.