ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жаргалсайхан: Гудамжинд байгаа хэдэн нам юу буруу хийсэн болоод оролдоод байгаа юм

O.Admin
3 цагийн өмнө

Өнгөрөгч онд буюу 2023 оны долдугаар сард баталсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжих байсан ч Засгийн газраас уг хуулийн төслийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэрэгжилтийг 2027 оны нэгдүгээр сарын 01 болгон өөрчлөх заалт оруулж ирсэн нь улс төрийн хүрээнд маргаан үүсгээд байна.

Тодруулбал, АН-ын бүлгээс энэхүү дагаж мөрдөх журмын өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн бол парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн бусад намууд өнөөдөр Төрийн ордонд энэ асуудлаар мэдээлэл хийж, “Хойшлуулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар “2023 оны долдугаар сард батлагдсан энэ хууль бол улс төрийн гурван том намын хүч түрэн баталсан хуулийн төсөл юм. Тиймээс хойшлуулах ёстой гэдэгт санал нэг байна. Бусад улс төрийн намуудыг үйл ажиллагаа явуулахыг хаасан, эвсэж нэгдэхийг хориглосон хуудуутай хууль батлагдсан нь үнэн.

Бид өнөөдөр хувь хүний эрх чөлөө, эдийн засаг, үндэсний тусгаар тогтнолын асуудлыг ярьж байна. Хувь хүний санхүүгийн эрх чөлөөний асуудлыг шийдэх яагаа ч үгүй явж байгаа. Энэ нөхцөлд олон нам байх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд туйлын чухал юм. ИЗНН-ын хувьд бусад улс төрийн хүчинтэй хамтран ажиллана. Бусад бүх нэр дэвшигчдийг хамтран “Нэр дэвшигчдийн холбоо” байгуулан хамтарч эрх баригчдад буюу 128-ын бүлэгт хариуцлага, хяналт тавихыг уриалж байна” гэв.

Харин БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Олон намын тогтолцоо байснаар ардчилсан нийгэм бий болно. Гэтэл эрх барьж байгаа хэсэг нь бусдыгаа илүү үзэж, олон нийтийн байгууллагыг төрийн байгууллага шиг залж, бүр юу ярихыг нь зааварлах дүрэм журам баталж буй нь буруу шүү. Энд санхүүжилт авах гээд зогсож байгаа нэг ч хүн байхгүй.

Улс төрийн нам гэдэг ард түмний сайн сайхны төлөө л явдаг. Эвлэлдэн нэгдсэн хүмүүсийг доромжилж болохгүй. Хамаг муу муухайг улс төрийн хэдэн намынхан л гарч ирж шүүмжилдэг биз дээ. Улс төрийн намыг эвлэлдэн нэгдэж байгуулдаг болохоос дүрэм журмаар байгуулахгүй ээ. Гудамжинд байгаа хэдэн нам юуг нь буруу хийсэн юм. Ардчилсан намынхан дандаа ардчилал ярьдаг атлаа ардчилалаа хутгалдаг. Энэ хуулийг хойшлуулах ёстой. Ямар ч хуулийг өөрчилж болдог. Бидний амьдралд хэрэгтэй хуулиа гарга. Бидэнтэй зууралдаж байхаар төсвөө хэлэлц. Яаж олон намын тогтолцоотой болох вэ, шударга ёсыг хэрхэн бий болгох вэ гэдгийн төлөө л бид явж байгаа” хэмээлээ.