Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон БНТУ-ын Засгийн газар хооронд байгаль орчны салбарт хамтран ажиллахаар гурван санамж бичиг байгуулав.
-Байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны мэдээллийн систем, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
-Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, модны тарьц, суулгац үржүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэж, шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлнэ. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурлаж дэвшилтэт арга барил нэвтрүүлсэн БНТУ-ын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгалийн нөөцийг хамгаалах, экологийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны хамтарсан судалгаа, мониторинг хийх, эко аялал жуулчлал, экологийн боловсролыг дэмжих, байгалийн цогцолборт газруудын менежмент, үйл ажиллагааны хүрээнд туршлага хуваалцах, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.