Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаан болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хуралдаанд олон намын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл оролцон, бүрэлдэхүүн өргөжиж байгаад талархал илэрхийллээ.
Тус хуралдаанаар Туулын хурдны зам болон босоо тэнхлэгийн I тойрог замын төслийн ажлын төлөвлөлт, автозам, гүүр, гүүрэн байгууламжийн бусад төрлийг харилцан уялдуулах, гэр хорооллын зарим өрх айлын халаалтыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон хийн түлш ашиглан шийдвэрлэх ажлын явц, тулгамдаж буй асуудал, мега төсөл, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн зохицуулалт, хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх санал зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Тус шуурхай хуралдаанд Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн "Авто замын хөдөлгөөний эрчим буюу түгжрэлийг ухаалгаар удирдах эрх зүйн орчныг бий болгох багц хуулийн танилцуулга"-ыг хийлээ.
Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд боловсруулж буй багц хуулийн төслийн нарийвчилсан танилцуулгатай холбоотойгоор хуулиуд хоорондын процессын зохицуулалтыг сайтар анхаарч, нарийвчлан зохицуулах, хууль хэрэгжүүлэхийн өмнө сайтар төлөвлөхийг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа нарт үүрэг болголоо.