Төв талбайд өнөөдөр тунчиг содон жагсаал болж байна. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар олж авсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө бид олон янзаар эдэлж буй. Зарим нь Төрийн ордон дотроо буйдантай, сандалтай жагсаж эдлэв. Нэг хэсэг нь Төв талбайдаа дээл өмсөж, гэр бариад үзэл бодлоо илэрхийлэв.
Нөгөө хэсэг нь дуулж хуурдан, шүлэг уншиж, улстөрчдийнхөө зургийг галдан шатааж эрх чөлөөгөө эдэлсэн. Тэгвэл өнөөдөр адуунд хайртай, монгол өв соёлоо тээж яваа уяачдын төлөөлөл “Монголоороо байя” нэртэй тайван жагсаал зохион байгуулж бага, багаар биднээс алсарч буй өв соёлоо хамгаалах, Nonaadam, NoTsagaansar хэмээн гадны гар хөл болж, үүх түүхээ үгүйсгэж буй хүмүүсийн эсрэг үзэл бодлоо илэрхийлэхээр морьтойгоо цугларчээ.
Тэд энэхүү өвөрмөц жагсаалаараа олны анхаарлыг ч маш сайн татаж чадлаа. Сошиал орчинд өнөөх л монгол зангаараар хоёр хуваагдан талцаж байна, бид. Нэг хэсэг нь адуугаар далимдуулсан мөнгөтэй баячуудын аархал хэмээн харж байхад нөгөө хэсэг нь өмнөд хөрш рүүгээ алд алдаар, дэлэм дэлэмээр алдаж буй өв соёлынхоо эсрэг дэлхийн чихийг сортойлгож чадах өвөрмөц жагсаал болж чадлаа хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
Аль нь байлаа ч тэд анхаарал татаж чадав. Ерөөс энэ жагсаалаас бид хоёрхон зүйлийг ойлгож үлдэх учиртай. Багахангай дүүргээс зорин ирсэн залуу уяач Э.Жавхлантөгс “Хөдөөд залуусыг ердөө морь л торгоож байна. Уудам хийгээд улам бүр зэлүүд болж буй хөдөөд морь, хүн хоёр л эзэн байж, уяач хүн л тэнд бууриа сахиж байна. Морь байгаа учраас залуус бид хот руу дүрвэчихгүй, өв соёл, уламжлалаа тэнд хадгалах гэж үлдэх гэж хичээж байгаа юм” хэмээв.
Харин Төв аймгийн Батсүмэр сумын уяач ах хэлэхдээ “Өвлийн морин уралдаанаа бид хааж боосноос болоод гадагшаа залуу уяач нар олноор гарч, морьдоо уралдуулах боллоо. Унаач хүүхдүүд ч гадагшаа явж морь унах болсон. Уралдаан, уяач гэдэг зүйл хэдхэн хүний зугаа цэнгэл биш. Дагаад маш олон өв соёл тээгдэж явдаг. Уралдаанч хүүхэд, морины цол, гуншин дуудах өв соёл, оёдолчид гээд олон хүний хоолыг залгуулдаг зүйл. Гэтэл энэ бүхнийг хааж боогоод байхаар тэд урагшаа хил гарч, өв соёлоо алдаж байна. Манайх хориглоод байхад гадны улс оронд харин ч эсрэгээрээ сар тутам, жил бүхэн хийгээд байна” хэмээв. Энэ хоёр байр сууриас л бид хэрхэн шийдэх вэ, хэнийг талд зогсох вэ гэдгээ шийдэх учиртай юм. Эрт цагаас л монголчууд уламжлалт баяр ёслолоор, тэр тусмаа сар шинийн баяраар морио уралдуулж ирсэн. Гийнгоон дуу, уухай хадаасан ондоошил маань биднийг эх орон, эх соёлоороо бахархах шалтгаан болдог байв. Өмнөх 20-30 жилд ч морио уралдуулж, хүлгээ сойж, уяа сойлгоо тааруулсаар ирсэн уламжлалтай.
Гэтэл сүүлийн жилүүдэд л хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хүүхдээр зугаацаж буй наадам гэсэн мессеж хүчтэй тархаж уралдааныг хориглох асуудал яригдсан. 2019 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх шийдвэр гаргаж улсын баяр наадмаас бусад үед буюу өвөл, хаврын морин уралдааныг хориглосон. Үр дүнд нь харин хуйгаараа урд хөршийн ӨМӨЗО руу морио хөтлөн очиж уралдаж, унаач хүүхдүүд нь тэнд очиж өв соёлоо сурталчлах болсон нь худлаа биш билээ. Хятадууд төд удахгүй бидний өв соёлыг тэр дундаа Монгол адууны дахин давтагдахгүй өвөрмөц соёл, түүхийг биднийх хэмээн дэлхийн өвд бүртгүүлэх гээд зогсож байвал гайхах зүйл үгүй болжээ.
Тиймээс ондоошлоо эргэн харж, энэ жагсаалын дараа уяач нартайгаа уулзаж ярилцан хэрхэн ямар байдлаар морин спортоо, монгол өв уламжлалаа хамгаалж үлдэх, өвөл хаврын морин уралдааныг ямар байдлаар буюу хүүхдэд аюулгүй байдлаар эргэн сэргээх вэ гэдгээ ярилцах нь зүй ёсных санагдана. Хүүхэд унах эрсдэлтэй, тэр тусмаа аюулгүй байдлыг хангаагүй байдлаар унуулж болохгүй гэдэгт хэн ч санал нэгдэнэ. Тэгвэл холын зайг ойртуулах, морин тойруулга, поло уралдаан, ойрын зайн уралдаан гэх мэтээр гарц гаргалгаа зөндөө бий.
Гагцхүү хэн хүсэхгүй байна вэ. Урд хөрш гэхэд л холын зайдаа насанд хүрэгсэд хийгээд 13-15 насны хүүхдээр унуулах байдлаар зохицуулалт хийгээд явж болж байхад бид “Болохгүй” гэж муйхарлаж суух бус гарц гаргалгааг ярих ёстой гэдэгт санал нэгдэж байгаа юм.
УИХ-ын зарим гишүүд ч уяач нарын саналыг сонсож “Өвөл, хаврын морин уралдааныг илүү спортын буюу мэргэжлийн чиглэл рүү хөгжүүлэх тухай” хуулийн төсөл өргөн барихаар явж буй гэх. Энэ бол үндэслэлтэй хийгээд дэмжих ёстой асуудал. Монгол Улс өв соёлоо хадгалж үлдэх, цааш цаашдаа энэ ондоошлоороо жуулчдын сонирхлыг татах гэж байгаа бол уралдаанаа сэргээж, уяач нартаа илүү өндөр шаардлага тавьж, унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахаас гадна мэргэжлийн буюу спорт гэдэг талаас хөгжүүлэх цаг нэгэнт болжээ.