ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монголын шүүх засаглал шившгийн хөндийгөө туулж бараагүй байна

O.Admin
1 өдрийн өмнө

Монголын шүүх шившгийн хөндийгөө туулж бараагүй байна хэмээн жил гаруйхан өмнө бичиж байв. Гэвч нөхцөл байдал дээрдсэнгүй. Тэд бахь байдгаараа мөнгөтэйд үйлчилж, эрх мэдэл ядруухан нэгэнд эр бяраа гайхуулсаар л...

Мөнгөтэйд тал засаж, мөнгөгүйд арслан барын шүдээ харуулж ирсэн шүүхийг авлигаас ангид, эрх мэдэлтнээс хол байлгах гэж үе үеийн Засгийн газар, Ерөнхийлөгч нь шинэчлэл өөрчлөлт хийгээд ч ахиц гарсангүйг та бид эндээс бэлхнээ харж буй биз. Ц.Элбэгдорж, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжингийн үеэс эхлээд л шүүхийн шинэчлэл яригдаж, хэн нэгэнд үйлчлэхгүйн тулд цалин, урамшууллыг нь нэмэхгүй бол болохгүй хэмээн хамгааж, өмгөөлөөд ч Монголын шүүх нэгэнтээ шивгийн хөндийгөө туулж барахгүй үүрд гацжээ.

“Монголын хаан” Н.Энхбаяраас эхлээд Ц.Элбэгдорж, Х.Баттулгын үед сууриа гүн бат ухсан шударга бус шүүхийн хонгил нураагүй гэдгийг та бид харлаа, мэдэрлээ. Тэр хонгилыг харин энэ цагт эгэл ардад илүүтэй ашиглаж, эрх мэдэлтний өмнөөс цоролзсон бүхнийг чирч оруулан, намнах болов. "Бурханы хүү" гэх нэрээр танигдсан Б.Баярбаатар гэх залууг олон нийтийг үл хүндэлсэн хэмээн нэг сар баривчилж байна, тэд. Хүн нь байвал хэрэг нь олдоно оо гэдэг шиг л ардчилал, хүний эрх, шударга бусын эсрэг дуугарсан бүхэн тэр хонгилоор гартаа гавтай, хүзүүндээ гинжтэй чирэгдэх нь түгээмэл болов. Эсрэгээрээ эрх мэдэлтэн, төрийн шийдвэрийг банкны өрөөндөө базаж буй бүлэглэлийн хэрэг нүдний өмнө байсан ч тэд “Хэрэг нь бол байна, хүн нь харин алга” гэсэн зарчмаар ажиллаж буйг нуух юун. “Баяраа өөрөө ширээнээс уначихсан юм билээ” гэдэг шиг л “Манай бүлэглэлийг гэмгүй байхад гүтгэчихсэн юм билээ” гэсэн шийдвэр гаргаж чадах бүхэл бүтэн нэг баг, нэг үеийнхэн Монголын шүүхэд ажиллаж байна.

Тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа үгийг ч тоохоо больсон. АТГ, Цагдаа нь өдөр шөнөгүй ажиллаж Нүүрс, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн хулгай гээд олон арван хэргийг илрүүлээд шүүхэд явуулсан ч тэд гацаачихдаг. Өнөөдрийг хүртэл хоёр жил гаруйн хугацаа өнгөрчхөөд байхад Нүүрсний бүлэглэл, Хөгжлийн банкны хулгай, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийнхнаас хэн нь ч шүүхийн тогтоол гардсангүй. Бод доо, 2000 гаруй хэрэг шүүхийн шатанд гацчихаад байна гэдэг тэд ажлаа ямархуу хийж буйг харуулж буй тоо мөн биз дээ.

Эсрэгээрээ Хууль зүйн сайд асны хүүг заамдсан нэг залуу дөрвөн жилийн хорих ял сонслоо. Эхнэртээ 500 мянган төгрөг Консулын данснаас шилжүүлсэн, Богд уулын аманд буй газрынхаа лицензийг сунгахын тулд бусдад авлига санал болгосон гэдэг үндэслэлээр Д.Мөнх-Эрдэнэ ял сонсчээ. Начир дээрээ эрх мэдэлтнүүдийн өмнөөс дуугарсан учраас л түүний амийг барихыг хүссэн хэрэг. Витамин зарж борлуулсныхаа төлөө сэтгүүлч бүсгүй дөрвөн жилийн ял авч байхад эх орноо зарах шахсан авлигачдаа тэд 24 цагийн дотор олон улсад ч баривчилж болохгүй гэж шийдвэр гаргуулав. Гэтэл 100 ам.доллароор гарч байсан нүүрсийг 180 ам.доллар болгон дамлаж, бүхэл бүтэн 10 гаруй жил улсаа тэжээж хөл дээр нь босгох нүүрсийг хилээр хяналтгүй зөөсөн бүлэглэлийн хэрэг өнөө хэр шүүхийн шатанд гацсаар. Эрдэнэт үйлдвэрийг хуваагаад идчихсэн, улсын мөнгөөр худалдаж авсан банкны бүлэглэл гадуур сэлгүүцсээр.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн Т.Бадамжунайг цагдан хорих эсэхийг шийдэж чадахгүй жийрхэх атлаа хүний эрх, эрх чөлөөний төлөө дуугарсан Д.Монголхүүд мөн Монголын шүүх шуурхай ажиллаад ял оноож байв. Яг л өмгөөлөгч Б.Баасанцогтын үед гарч ирсэн схем шиг зарчмаар ажилладаг гэдгээ энэ мэт үйлдлээрээ нотолсоор байх ажээ. Богд уулын амыг сүлжсэн олон зуун газар, барилгын наймааны эзэн, Зайсангийн уугуул хэмээн өөрийгөө нэрлэсэн сүмочингоо дийлэхгүй, хэргийг нь цагаатгах атлаа Зайсанд газар сунгаад өгөөч гэж утсаар ярьсных нь төлөө ялладаг шүүх гэж байх уу, та минь ээ. Энд авлига өгсөн Д.Мөнх-Эрдэнийг өмгөөлөх гэсэнгүй. Гэхдээ хууль гэж байдаг ялгахгүй, салгахгүй үйлчлэх ёстойг сануулаад байгаа хэрэг. “Сахал” Д.Эрдэнэбилэгт хүрч чадахгүй, үйлчилдэггүй хууль Д.Монголхүүд яагаад шуурхай үйлчилснийг асуугаад байгаа юм.  

Богд уулыг нүхэлсэн эрхмүүдэд үйлчилдэггүй атлаа Богд уулынн газрын лицензээ сунгасанд нь үйлчилж буйг гайхаад буй хэрэг. Цаашдаа Монголын шүүх энэ хэвээр ялзарсан системээрээ явсаар байвал Т.Бадамжунай тэргүүтэй авлигачдын хэрэг замхарсан шиг Ц.Элбэгдорж тэргүүтнээ тэд 24 цагийн дотор өмгөөлөөд гаргасан. 48 цаг цагдан хорих, нэг сар цагдан хорих шийдвэр гаргаж чадахгүй айж буй тэд 10-20 жилийн ял өгч чадахгүй нь тодорхой юмсанж. Тиймээс Монголын шүүхээс бүгдээрээ хариуцлага нэхэцгээе.

Д.Монголхүүг, Б.Баярбаатарыг, Д.Отгонбаатарыг хорьсон шиг бүлэглэлдээ хариуцлага тооцохыг шаардаж талбайдаа гарцгаая. Хэрэг нь хүнтэйгээ хамт цуглачихаад байхад л шалгаж байна, хянаж байна, хүлээж авлаа гэсэн арван өгүүлбэртэй мэдээгээр ард түмнийг хуурсаар байгаа шүүхийн гадна очиж дуу хоолойгоо гаргацгаая.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “Ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Ерөнхий сайдыг огцруулах гээд Ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц. Шүүгч нар нь өөрсдөө авлигач. Тэд яаж авлигатай тэмцэх вэ. Мега төслүүд бүгд Захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгой ДЦС-ын асуудал шүүх дээр гацаж байгаа. Ард нь авлигын асуудал бий.

Авлигатай тэмцмээр байгаа бол нэг талдаа гармаар байна. Би ШЕЗ-ийн шийдвэрээр 2-3 удаа огцорчихоод байгаа. Шүүх дээр 2000 гаруй хэрэг шийдэгдээгүй байгаа нь ял завшсан гэсэн үг” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан байна билээ. Ерөнхий сайддаа хүртэл дийлдэхээ больсон, Төрийн ордон тойрсон оффисуудад буй бүлэглэлд үйлчилж буй шүүхтэй байх ёстой ч юм уу. Ийм шүүх засаглалтай улсад хулгай буурахгүй. Шударга ёсыг хүсэмжилж мянга түмэн жагсаал хийгээд ч нэмэргүй. Засаглал, бүтцээ өөрчлөөд ч өөрчлөлт гарахгүй. Тогтолцоог өөрчилж, шударга нэгнийг оруулж, хуулийн хулгайтай тэмцээд ч нэмэр болохгүй. Учир нь тэр бүхэн зөвхөн шүүхийн шатанд, ял оноох газартаа очоод гацдаг гэдгийг харлаа, үзлээ. Шүүхээ шүүрдэцгээе. Авлигатай тэмцэх 5Ш-ээ шүүх дээр үргэлжлүүлэхэд ч гэмгүй болжээ, Ерөнхий сайд аа.