Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, хөрөнгийн талаар нэгдсэн мэдээлэл байхгүй байгааг утааны сонсголын үеэр хөндлөө.
Түүнчлэн Үндэсний аудитын газрын 2014 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 3/ 465 дугаар аудитын гэрчилгээгээр Цэвэр агаар сангийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан бол “Таван толгой түлш” ХХК-ийн 2022, 2023 оны санхүүгийн тайланд тус тус хязгаарлалттай санал, дүгнэлт өгсөн байна. Энэ нөхцөлөөс дүгнэхэд “Тавантолгой түлш” ХХК 2018-2021 оны санхүүгийн тайланд өөрчлөлтгүй дүгнэлттэй байсан бол 2022 оноос санхүүгийн сахилга бат суларсан байна гэв.
Мөн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тодруулбал, БОАЖ-ын сайдын 2019 оны 1/283, А/323, А/435 дугаар тушаалыг тус тус үндэслэн халаалтын зуухны үнс тоосонцрыг шүүх 290 ширхэг шүүлтүүрийг БНХАУ-ын дөрвөн хуулийн этгээдээс шууд худалдан авахаар байгуулсан 12 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна.
Үүнд Үндэсний аудитын газраас урьдахаар албан шаардлага өгөөд албан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр Улсын Ерөнхий прокурорт шилжүүлсэн. Мөн Эрдэнэс тавантолгой ХК-аас Тавантолгой түлш ХХК-тай байгуулсан 88.1 тэрбум төгрөгийн 3 гэрээ гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр Улсын Ерөнхий прокурорт шилжүүлснийг дурдлаа.
Шинжээчийн дүгнэлтэд утааны эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үйл явц, хэрэгжилтийн үүрэг, хариуцлагыг тодорхойлж чадаагүй, харилцан хамаарал, уялдаа холбоо хэрхэн хангагдаж ирсэн нь тодорхой бус байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн хангалтгүй, санхүүжилт, зарцуулалтын үр ашиг бага, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажил хангалтгүй байна гэж дурджээ.
Энэ үеэр сонсгол даргалагч Ж.Чинбүрэн, өчигдийн сонсголын үеэр угаартаж нас барсан иргэдийн тооны зөрүүгээс маргаан дэгдсэн тул энэ дагуу албаны эх сурвалжаас мэдээлэл авсныг хүргэв. Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 2017-2024 оны байдлаар угаарын хийн хордлогоор нас барсан хүний тоо 779 байгаа аж.