Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох албаныхан өнөөдөр (2025.02.03) “Шивээ-овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх зорилгоор ажиллалаа.
"Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин компанийн үйл ажиллагааг танилцуулав. “Шивээ-Овоо” ХК нь дотоодын нүүрсний хэрэглээний 28.3 хувийг хангаж, “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50 хувийг нийлүүлдэг. Нүүрсний орд нь нийт 29,500 га талбайг хамардаг бөгөөд 2.7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Улсын төсөвт 2023 онд 15,1 тэрбум, 2024 онд 17,2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ онд 22,4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.
"Эрдэнэс Монгол" нэгдлийн ТЭХГ-ийн дарга С.Ашидмөнх “Шивээ-Овоо”-ийн уурхайг түшиглэн импортын эрчим хүчийг орлох 300 MBT-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийн явцыг танилцуулав. Төслийн судалгааг 2005 оноос эхлүүлж байсан. Анхны судалгаагаар 200 MBT-ын хүчин чадалтай станц барина гэж төлөвлөсөн ч өнөөдөр 300MBT-аас дээш хүчин чадалтайгаар барих шаардлагатай. Өнөөдрийн байдлаар газрын (100га) асуудлыг бүрэн шийдсэн гэв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “"Шивээ-Овоо”-ийн уурхайг түшиглэн импортын эрчим хүчийг орлох, бүс нутгийн аж үйлдвэрийн паркуудыг эрчим хүчээр хангах хүчин чадалтай цахилгаан станц барих шаардлагатай. Энэ ажил 20 жил гацсан. ТЭЗҮ-ийг цаг үетэйгээ нийцүүлж, шинэчлэн боловсруулах хэрэгцээ бий болсон. Засгийн газар том төслүүдээ урагшлуулахад онцгой анхаарч ажиллаж буй. Энэ хүрээнд “Шивээ-Овоо”-ийн уурхайг түшиглэн барих шинэ станцыг нүүрс, сэргээгдэх эрчим хүч хосолсон, дэвшилтэт технологиор байгуулахад анхаарч, төслийг урагшлуулна. Түүнчлэн тус компанийн олон жил хуримтлагдсан өр төлбөрийн асуудлуудыг шийдвэрлэж, уурхайн тоног төхөөрөмжийн хоцрогдлыг арилгах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч, засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулна" гэлээ.
“Шивээ-Овоо” ХК нь байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, өндөр бүтээмж бүхий уул уурхайн салбарын жишиг компани болохыг зорьж ажиллаж байна.