ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн албан хаагчийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

O.Admin
3 цагийн өмнө

Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, богино хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Удирдлагын академитай /2025.02.11/ санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, “Цахим үндэстэн” зорилтыг хангаж ажиллах, төрийн цахим шилжилтийг дэмжих, төрийн үйлчилгээ болон үйл ажиллагааг цахимжуулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөр боловсруулах, богино хугацааны сургалтуудыг хамтран зохион байгуулах зэргээр 2025 онд хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллахаар санал солилцлоо.

Тус уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, СОНХГ-ын дарга Б.Төрбат, Сургалтын хэлтсийн дарга В.Лут-Очир МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академийн захирал Д.Сүрэнчимэг, Газрын дарга Ц.Энхмандах болон холбогдох төлөөллүүд оролцов.

Талууд төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим ур чадварын бүтцийн хүрээний аргачлалаар үнэлгээний сорил боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний нэгдсэн системд төрийн албан хаагчдад шаардлагатай үйлчилгээг нэмж оруулах шаардлагатай байгааг онцолсон юм.

“И-Монгол академи” УТҮГ нь 2025 онд олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.