ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Gov.mn домэйн бүхий 4784 цахим хуудас байна

O.Admin
3 цагийн өмнө

Монгол Улсын төрийн бүх байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой www.gov.mn цахим хуудсыг “И-Монгол академи” УТҮГ хөгжүүлж, 2023 оны 12-р сараас эхлэн олон нийтэд нээлттэй болж төрийн байгууллагууд мэдээллээ нэгтгэж эхэлсэн бол өнөөдөр /2025.02.10/ албан ёсоор хэрэглээнд нэвтэрч Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү уг нэгдсэн цахим хуудасны үйл ажиллагааг олон нийтэд танилцууллаа.

2025 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар Монгол Улсад 16 яам, 37 агентлаг, төрийн өмчит 1000 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний дата төвд бүртгэлтэй 1441 төрийн байгууллага gov.mn домэйн бүхий 4784 цахим хуудастай.

Эдгээр байгууллагууд цахим хуудсаа хөгжүүлж, шинэчлэх зорилгоор жил бүр төсөв батлуулдаг бөгөөд зөвхөн нэг жилийн хугацаанд дунджаар нэг байгууллага 15,650,000 төгрөгийг вэб сайтын зардалд үүнээс:

  • Web firewall – 4.320.000
  • SSL wildcard – 330.000
  • Web support бүхий нэг удаагийн зардал 3,000,000 – 5,000,000
  • Шинэчлэлт, хөгжүүлэлтэд – 7,000,000 төгрөг зарцуулдаг байна.

Тэгвэл төрийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэгтгэсэн цахим хуудас Gov.mn нэгтгэснээр 1441 байгууллагын жил бүр гарах 28,820,000,000 төгрөгийг хэмнэнэ.

Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас GOV.MN нь бүх төрийн байгууллагыг нэгтгэснээр урсгал зардал, жил бүрийн төсвийг хэмнэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Одоогоор нийслэл, орон нутгийн 1000 гаруй төрийн байгууллага нэгдсэн стандарт, загвартайгаар мэдээллээ байршуулаад байна.

GOV.MN -ийн гол давуу талууд:

1. Нэг цонхны үйлчилгээ

  • Иргэд болон бизнес эрхлэгчид төрийн бүх үйлчилгээ, хууль эрх зүйн мэдээлэл, татвар, боловсрол, эрүүл мэнд, цагаачлал гэх мэт олон төрлийн үйлчилгээг нэг платформоос авах боломжтой.

2. Хэрэглэгчдэд ээлтэй, ойлгомжтой бүтэц

  • GOV.MN нь мэдээллийг товч, тодорхой, ойлгомжтой байдлаар хүргэдэг.
  • Хайлт хийхэд хялбар бөгөөд хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээт мэдээллийг хурдан олох боломжтой.

3. Ил тод, нээлттэй засаглал

  • Засгийн газрын бодлого, шийдвэр, санхүүжилт, төсөв, хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг нээлттэй байршуулж, иргэдийн хяналтад байлгадаг.

4. Цахим үйлчилгээний хүртээмж

  • Төрийн үйлчилгээг онлайнаар авах боломжийг нэмэгдүүлж, цаасгүй, түргэн шуурхай, хялбар байдлаар зохион байгуулсан.
  • Жишээ нь, татвар төлөлт, виз мэдүүлэг, жолооны үнэмлэх сунгалт, компанийн бүртгэл зэрэг олон үйлчилгээг GOV.MN-ээр дамжуулан авах боломжтой.

5. Төр, иргэний харилцааг сайжруулах

  • Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, асуудлыг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгосон.
  • Онлайн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн оролцоог хангадаг.

6. Өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалт

  • Иргэдийн ашиглалтын дата, санал хүсэлтийг үндэслэн төрийн үйлчилгээг сайжруулдаг.
  • Бодлого, шийдвэрийг нотолгоонд суурилсан өгөгдлөөр боловсруулдаг.

7. Хүртээмжтэй, олон төрлийн төхөөрөмжид нийцсэн загвар

  • Гар утас, таблет, компьютер зэрэг бүх төрлийн төхөөрөмжөөс ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар хөгжүүлсэн.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй байдлыг хангаж хөгжүүлсэн.

Төрийн байгууллагуудын нэгдсэн цахим хуудасны үр ашигтай ажиллагааг хангахын тулд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэстэй хамтран 16 яам, Засгийн газрын 35 агентлаг, 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч (удирдах албан тушаалтнууд, мэдээллийн технологийн ажилтнууд)-д зориулсан сургалтуудыг үе шаттай зохион байгуулсаар байна.