ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.БАТТУЛГА: Том төслүүдийн судалгаа, ТЭЗҮ-ийг хийлгэсэн сайд сүүлийн 30 жилд надаас өөр байхгүй

O.Admin
2 өдрийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга “Өрөг.мн” сайтын сэтгүүлч Б.Болорчимэгийн нэвтрүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, ойрын хугацаанд анхаарал татаж буй “Төгрөг" нуурын орд газрыг зарсан эсэх, баялгийн сангийн хууль, Тавантолгой хийгээд бусад цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Түүний ярилцлагаас онцлох 18 ишлэлийг түүвэрлэн уншигч танд хүргэж байна.

-Баялгийн сандаа стратегийн ордуудаа өгье гэж дөрөв, таван гишүүнтэй хамт улс орноо бүтэн тойрлоо. Энд Төгрөг нуур, Ухаа худаг ч байгаа. Гэтэл ингээд яваад ирсэн чинь хүн гүтгээд, ордоо өг гэж ЗГХЭГ-ын дарга нь хэллээ. Минийх юм бол би 100 хувь өгье. Бусад нь бас 100 хувь өгчих гэж уриалъя. 40 гаруй гишүүн уул уурхайн лицензтэй юм билээ.

-Ц.Элбэгдорж намайг “Тавантолгойн ордыг өгчих гэж Х.Баттулга орж ирсэн” гэж гүтгэсэн. Гэтэл энэ гүтгэлэгт ээж маань итгэчихсэн байсан. Гүтгэлэг болгоныг тайлбарлах хэцүү.

-Баялгийн 34-50 хувийг төрд буцааж өг гэсэн чинь нөхдүүд ЗГХЭГ-ын даргыг ашиглаад гүтгэлэг явуулж эхэлсэн. Уг нь энэ Засгийн газар чинь баялгийн сангаа арвижуулах гээд байгаа биз дээ. Би тэрийг нь дэмжээд байгаа юм, уг нь. Минийх гэдгийг нотлох юм бол 100 хувь өгье.

-Би уран эсэргүүцээгүй. Тэр сэдвийг мэдэхгүй. Ер нь хөдөөгүүр явж байхад иргэд маш айдастай байна лээ. Мэргэжлийн хүмүүсээр сайн яриулж, мэдлэгтэй болгосныхоо дараа тэр төслөө явуулсан бол гэж бодсон.

-2007 онд АН, МАН-ын гишүүд нийлээд Тавантолгойг авчихсан байсан. Харин МоАХ жагсаж, эсэргүүцэж байж баялгийг авч үлдсэн. Төр муу менежер гэдэгт санал нэг байгаа ч байнга ийм байхгүй дээ. Темасек гэх мэт сайн жишээ олон бий шүү. Тэндээс суралцаад алдаагаа засаад явж байгаа.

-“Ухаа худаг”-ийг С.Баярын Засгийн газар гэрээ хийгээд өгчихсөн гэж бодож байсан ч тэмдэглэлээр өгснийг саяхан ил болгосон. Л.Оюун-Эрдэнэ сайд одоо хүн гүтгээгүй байлгүй дээ.

-Баялгийг маань 100 жилээр гадныхан өм татаад авч явах гэж байсныг З.Энхболд даргатай парламент авч үлдсэн. Энэ үйл хэргийг би зөв гэж боддог, цаашдаа ч энэ байр сууринаасаа ухрахгүй. 40 гаруй гишүүний эсэргүүцлээр Тавантолгойг хятадуудад өгөх гэж байсныг зогсоож чадсаны 10 жилийн ой болж байгаа юм билээ.

-Надад гадаадад компани байхгүй. Компанийн үйл ажиллагаа руу орж чадахгүй байгаа. Залууст бизнес заана гэвэл доог тохуу л болох байх.

-УИХ-аар 2010 онд Төмөр замын бодлогыг батлахдаа өргөн царигийн асуудлаа шийдсэн. Би үүнд огт хамаагүй. Төр гэж байдаг бол баталсан хуульдаа л захирагдах ёстой. Гэтэл дундуур нь нэг компани ороод “Бид УИХ-ын бодлогыг өөрчлүүлж чадна аа. Та бүхний хүслээр өөрчлүүлээд өгнө өө гэж ярьж байсныг сая бид харлаа шүү дээ. Тийм л ноцтой асуудал байсныг одоо олон нийт мэддэг боллоо.

-Улс орны том төслүүдийн гол судалгааг хийж, ТЭЗҮ-ийг хийлгэсэн сайд сүүлийн 30 жилд надаас өөр байхгүй. Өөрөө том төслүүд ярьчихаад тэрийгээ гацаагаад байна гэж байх уу. Сайншанд аж үйлдвэрийн парк, төмөр зам, ноос ноолуурын олон төслийг би санаачилсан. “Женкогийн төслийг дэмжихгүй шүү” гээд л гацаачихдаг. Тэр чинь минийх биш шүү дээ.

-Би 15 настайгаасаа эхлээд бөхөөр хичээллэсэн. Төрийн далбаагаа олон жил тив, дэлхийд мандуулсан. Би ард түмний дэмжлэгээр Ерөнхийлөгч боллоо. Надад нэг л эх орон байгаа. Тийм учраас ард түмэн надад итгэдэг хэрэг. Оросын гар хөл үү гэдэг асуултад энэ өгүүлбэр хариулт болох байх. 

-"Ухаа худаг"-ийн асуудалд олон улстөрч холбоотой байсан. Гэтэл тэдний авах гэж, хувааж хүртэх гэж байсан боломжийг болиулсны төлөө надад дургүй хүн олон болсон л доо.

-Ерөнхийлөгчийн хувиар ард түмэнтэйгээ уулзаад явахаар 10 хүний найм нь тэтгэврийн зээлээ ярьдаг байлаа. “Бид үхэж чадахгүй болчихлоо” гэж тэд учирлана. Хэрвээ нас барчихвал хүүхэд нь үргэлжлүүлж төлнө гэсэн заалт байдаг юм билээ. Тэтгэврийн зээлийг наргиж, цэнгэж, зугаацах гэж авдаггүй. “Зовлонт зээл” гэж байдаг бол тэр л байх. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулаад Салхитын мөнгөний ордоос ашиг хүртээх асуудлыг хуульчлаад нөөц судалгаанд нь үндэслэн тэглэх шийдвэр гарч байсан. Тооцоо судалгааны үндсэн дээр тэр шийдвэр гарсан юм. Харамсалтай нь намайг ажлаа өгсний дараа “Х.Баттулгын команд” гэж балай юмаа яриад удирдлагуудыг нь солиод өөр хүмүүс тавьчихсан. 600 мянган ахмадын зургаан сая хүртэлх зээлийг тэглэж чадсан нь өөрөө бахархалт үйл явдал.

-6.2 баллын газар хөдлөлтөд Монголын барилгуудын 80 гаруй хувь нь тэсэхгүй гэсэн судалгаа байдаг. Тэрийг ҮАБЗ-д танилцуулсны дараа дагуул хотын зураг төсөв гарга гэдэг чиглэлийг надад өгсөн. Тэгээд Хөшигийн хөндийд дагуул хот байгуулах төслийг гаргаад олон ч Засгийн газарт танилцуулсан даа. Гэсэн ч бас л надтай холбоод тэр төслийг гацаачихсан.

-Засгийн газар мега төсөл гэж зарлаж байгаа бол түүндээ зориулсан боловсон хүчин бэлтгэх ёстой. Хүний нөөцөө бэлдэхгүй байна шүү дээ. Тэр олон МСҮТ-ийг яагаад байлгаад байгаа юм. Тэндээс тогооч, үсчин л төгсөж байна. Гэтэл төслүүдтэйгээ үүнийгээ холбоод яв л даа.

-Дэлхийн улс орнууд зарласан төсөлдөө зориулаад мэргэжилтнээ бэлтгэдэг. Гэтэл манайх гаднаас ажиллах хүчин оруулаад ир гэж хамгийн амраар хийдэг. Бодлого гарсан бол бодлогоор ажиллах хүчнээ бэлд. Хөдөөгүүр ажилгүйдэл чинээндээ тулчихаад байна шүү дээ.

-Хүргэн, охин хоёр маань өөрсдөө тайлбар өгсөн байна лээ. Гүтгэлэг хэрээс хэтэрч хувь хүний гэр бүл рүү дайрч эхэлж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэдгийг өчнөөн юм болж байж Үндсэн хуульдаа тусгасан. Одоо үүнийг өөрчлөхгүй. Би дахиж нэр дэвшихгүй. Наад чинь цуурхал байна. Би өгөхдөө өгөөд, авахдаа аваад явсан. Харамсаад байх зүйл байдаггүй. Ховор хувь тавиланд томилогдсон, тэгээд л болсон.