УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгой тойрсон асуудлуудаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Засгийн газар, Ерөнхий сайдад асуулга тавьсан талаараа мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан Оюутолгойн зэс, молибденийн бүлэг ордтой холбогдох таван ашиглалтын тусгай зөвшөөрлийн хоёр тусгай зөвшөөрөл (MV-015225, MV-015226)-ийг Онтрэ ХХК эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлүүдийн талбайд бүлэг ордын нийт батлагдсан нөөцийн 30 орчим хувь ноогдож байгаа аж.
Тус тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох асуудлаар 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Канад улсын Ванкувер хотын арбитрын шүүхийн шийдвэрийг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоох, Монгол Улсын эрх ашгийг хангуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх яриа хэлэлцээ эхэлсэн эсэх болон явцын талаарх мэдээллийг өгнө үү хэмээжээ.
Тус асуулгад,
-"Дээр дурдсан яриа хэлэлцээний үр дүнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилтын хүрээнд Оюутолгойн бүлэг ордыг ашиглах санхүүгийн тооцоолол, энгийн хувьцааны эзэмшил, тусгай АМНАТ зэрэг боломжит бүх хувилбарууд дээр санхүү, эдийн засгийн тооцоолол хийсэн эсэх, энэ талаарх санхүүгийн тооцоолол, судалгаа
-Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой ХХК-д эзэмшиж буй энгийн хувьцааны 34 хувийн өнөөгийн үнэ цэнийг хэрхэн тооцоолсон, энэхүү хувь эзэмшилд эхний ногдол ашгийг хэзээ, ямар дүнгээр хуваарилах, мөн энэхүү үнэлгээнд Онтрэ ХХК-ийн эзэмшилд буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нөөц, баялгаас Монгол Улсад ногдох хувь хэрхэн нөлөөлөх талаарх дэлгэрэнгүй тооцоолол бүхий судалгааны мэдээлэл;
-Монгол Улсын Татварын ерөнхий газраас Оюу Толгой ХХК-д 2013–2015 онд 377.1 тэрбум, 2016–2018 онд 649.0 тэрбум, 2019–2020 онд 279.0 тэрбум буюу нийт 1.3 их наяд төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ноогдуулсан. Харин 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Австралийн “Financial Review” сонинд “Рио Тинто компани нь Монгол Улсын Засгийн газарт татварын маргааны асуудлыг 295.0 сая ам.доллар буюу 814.0 тэрбум төгрөгт багтаан шийдвэрлэхээр санал болгосон” талаар мэдээлсэнтэй холбогдуулан уг татварын маргааны явц болон Рио Тинто компаниас ирүүлсэн саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл;
-Олон улсын үнэ шилжилтийн механизм (“transfer pricing”)-аар дамжуулж, үндэстэн дамнан татвараас зайлсхийх явдалтай тэмцэх хүрээнд оффшор бүсэд тооцогдох Нидерландын Вант Улстай давхар татварын хэлэлцээрийг 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр цуцалсан. Харин 2023 оны арванхоёрдугаар сард Оюутолгой ХХК нь Нидерландын Вант Улсад бүртгэлтэй толгой компаниа Монгол Улстай давхар татварын хэлэлцээртэй Сингапур улс руу шилжүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан, үнэ шилжилтийн механизмаар татвараас зайлсхийх эрсдэлийг дахин үүсгэхгүй байх хүрээнд авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл болон цаашид тус компани Монгол Улсад шударгаар татвар төлөх суурь нөхцөл бүрдсэн эсэх талаарх мэдээлэл;
-Оюутолгой ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан 18.0–20.0 орчим тэрбум ам.долларын нийт өрийн хэдэн хувь нь харилцан хамаарал бүхий этгээд буюу толгой компани болох Рио Тинто компанид хуваарилагдаж буй болон мөн уг өрийн үүссэн нөхцөл, хүүгийн төлбөр хэдэн ам. доллароор /төгрөгөөр/ тус тус тооцогдож буй талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
- 2025 оны байдлаар Оюу Толгой төсөл нь 5,000 хүрэхгүй үндсэн ажилтантай боловч туслан гүйцэтгэгч компанийн 20,000 гаруй ажилтан уг бүтээн байгуулалтад оролцон ажиллаж байна. Тайлант онд Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, төсөл хэрэгжүүлэгчээс тогтвортой олборлогч компани руу шилжилт хийхтэй холбогдуулан, цаашид авч хэрэгжүүлэх шилжилтийн үеийн хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөний талаарх мэдээлэл;
-Борлуулалтын орлогоос Монголбанканд худалдсан валютын сүүлийн таван жил болон ирэх таван жилд төлөвлөж буй дүнгийн мэдээлэл;
-УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолд заасны дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад хийгдсэн хөндлөнгийн аудитын тайлангийн мэдээлэл, хэрэв энэ аудитыг хийгээгүй бол яагаад хийгээгүй талаарх тайлбар;
-Рио Тинто компани нь олон улсын хөрөнгийн биржүүдэд нээлттэй арилжаалагддаг Туркойз Хилл Ресурсес компанийн гаргасан хувьцааны 49 хувийг 2022 онд худалдан авч, хаалттай компани болгосны улмаас өмнө нь олон нийтэд нээлттэй байсан Оюутолгой төслийн талаарх мэдээлэл хаалттай болсон. Байгалийн баялгийн үр өгөөж, үр ашгийг иргэдэд хүртээх, сайн засаглалыг хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй, тэнцвэртэй байдлыг хангах зорилтын хүрээнд нээлттэй компани болгохоор төлөвлөж байгаа эсэх, хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд санал болгох бэлтгэл ажил хийгдэж байгаа эсэх талаарх мэдээллийг тус тус өгнө үү" хэмээжээ.