Архангай аймагт зохион байгуулагдаж буй хангайн бүсийн зөвлөгөөнд оролцож буй УИХ-ын гишүүд болон сайд нар тус бүс нутгийн хөгжлийн талаар байр сууриа илэрхийлж байна. Тэгвэл тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хөгжлийн чиг хандлагын талаар ярихдаа
"Шашин, соёлын бүс буюу гурван гэгээний өлгий нутаг гэдгээрээ “Хөгжлийн гурвалжин” хэмээн нэрийддэг. Рашаан, усаараа мөн алдартай. Дэлхийд алдартай эмнэхүйн шидээрээ танигдсан рашаанууд Архангай аймагт бий. Жижиг дунд бизнес эрхлэгч тун чамгүй хөгжсөн. Шинэ Хархорум хотыг тулгуурлан бүтээн байгуулалтууд ар, араасаа явагдах байх.
Кластераар үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Соёл, эрүүл мэнд, шашны бүтэн цогцолбор бий болгож аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий гэж харж байгаа. Боловсролын салбарт өөрчлөлт авчрахын тулд гадны улс орнуудтай нэлээдгүй хамтран ажиллаж байна. Зөв Монгол хүнийг бий болгохын тулд МСҮТ-ийг эргэн сэргээж, Их дээд сургуулийн салбаруудыг тууштай дэмжиж, хамтран ажиллах болно.
Зөвхөн бүсээрээ биш бусад аймгийн боловсон хүчнүүдийг ч бэлтгэх том бааз суурь хангайн бүсэд бий. Ресторан, зочид буудлын үйлчилгээний чиглэлээр залуусыг бэлтгэхээр Японы нэг компани хамтран ажиллахаар болж, ШУТИС-тай гурвалсан хамтын ажиллагаанд гарын үсэг зурах гэж байна.
Орон нутгаас 100 гаруй залуусыг эхлээд Япон улсад ажиллуулж, сургаад эргээд орон нутагт нь ажиллуулахаар гэрээ байгуулах юм. Гадаад харилцааг өргөн хүрээнд хөгжүүлэх бодол тээгээд явж байна. Япон, Турк зэрэг аймгуудтай аялал жуулчлал цаашлаад мах сүүний чиглэлийн үйлдвэр үйлчилгээний хамтын ажиллагааг энэ удаа зурахаар төлөвлөж байна” гэлээ.