Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгуулагдаж байгаа “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөр илтгэл тавилаа. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь уншигч та бүхэнд хүргэе.
Лу.Гантөмөр сайд илтгэлдээ "Өчигдөр нааш ирэхэд сэтгэл тэнүүн байсан зүйл нь мал их тарган сайхан байна аа. Сэтгэл жаахан гундуу байсан зүйл нь бид хог новшиндоо арай их дарагдчихсан байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг даргад харин баяр хүргэмээр байна. Хогноосоо бүрэн салчихаж. Хархорин сумын Засаг дарга энэ асуудлаа яаж шийдээд, хэдэн төгрөг зарцуулсан талаар бусад сумдынхаа дарга нарт туршлага хуваалцаасай гэж би бодож байна. Бид жижиг гэлтгүй л хийж байж цааш хөгжил дэвшил яригдана.
Яагаад бүсийн хөгжил вэ гэж олон хүн надаас асууж байгаа. Бид 2024 онд хамтарсан засгийн газар байгуулж хурдтай хөгжлийн төлөөх зориг гэрээг хийхдээ бүсийн хөгжлийг онцолсон. 14 мега төслийг танилцууллаа. Дээр нь бүсийн хөгжлийг ажил хэрэг болгоё гэж. Яагаад. Яг үнэндээ бүсчилсэн хөгжлийн бодлогын үзүүрт ядуурлаас гарья л гэсэн зорилго байгаа юм.
Манай засаг дарга нар үүнийг маш сайн ойлгоод авах хэрэгтэй. Бид жаахан том орон зайгаар сэтгэе. Жаахан том орон зайд аж үйлдвэр эрхэлье, жаахан том орон зайд худалдаа хийе л гэж байгаа. Та бүхэн сая харсан бол бүсийн хэмжээнд нийт дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр их наяд даваад явж байна. Хоёр их наядад та бүхэн бодож, сэтгэж хөдлөх хэрэгтэй. Хүмүүсийнхээ оролцоог нэмье.
Улсын хөгжил бол хүний хөгжил
Одоо бидний хамгийн тулгамдаж байгаа асуудал бол Монгол Улс хөгжөөд байдаг хөгжил айлын хаалгаар ордоггүй. Айлын хаалгаар оруулахын тулд ямар хөгжлийн бодлогыг түлхэх вэ гэдэг дээр бид бүсчилсэн хөгжлийг сонгосон. 14 мега төсөл бол Монгол Улсын хөгжлийг хөл дээр нь босгож ганхалгүй бат зогсох, Ерөнхий сайдын хэлдгээр тодорхой байхын тулд бид сонгосон.
Харин бүсийн хөгжил бол баян, ядуугийн ялгааг арилгая л гэж байгаа юм. Орлогын тэгш бус байдлыг арилгая, малчдынхаа орлогыг бодитой болгоё, суманд амьдарч байгаа хүмүүсийн орлого хүрдэг байгаасай, аз жаргалтай амьдардаг байгаасай л гэж зорьж байгаа юм. Хөгжил бол их энгийн шүү. Хэзээ бид өөрийгөө хөгжсөн гэж бодох вэ гэхээр хангалуун орлоготой хүмүүсийн дунд амьдарч эхлэх үедээ л за бид үнэхээр хөгжсөн юм байна гэж бодох хэрэгтэй. Үнэхээр хогноосоо салсан үедээ хөгжил бидэнд ойртож байна гэж бодох хэрэгтэй. Ахуйн асуудлыг шийдэж байж хөгжил бидэн рүү ирж байна гэж харах юм билээ.
Хөгжил бол тэнгэрээс дээр байдаг зүйл биш. Хөгжил бол бидний тухай юм. Хангайн бүс яаж хөгжих вэ гэж хүн болгон бодож байгаа. Хангайн бүс энэ зааланд сууж байгаа бүх хүмүүс ажил хийж байж хөгжинө. Монгол Улс яаж хөгжих вэ гэж харж байгаа. Монгол Улс ерөөсөө л монголчууд ажил хийж чадах юм бол хөгжинө. Их энгийн өөр газраас хайх хэрэггүй.
Аятайхан амьдарч байгаа айл, хүнд амьдарч байгаа айл хоёр дээр ялгаа нь харагдана. Нэг нь залхуу, нөгөөх нь зүтгэдэг, ажилладаг, мачийдаг. Тийм учраас хөгжлийн тухай ярих юм бол хамгийн түрүүнд хүний хөгжил. Хүнээ яах вэ, хүний нөөц. Хүний хөгжил гэхлээр бид бас л холоос хайдаг. Өөр хүмүүсийг хөгжүүлэх тухай бодож эхэлдэг. Би бол хүний хөгжлийг энд байгаа хүмүүсийн хөгжлөөс эхлэх хэрэгтэй гэж боддог. Сумын дарга, аймгийн хурлын төлөөлөгч, Монгол Улсын засгийн газрын гишүүн ч бас өдөр тутам өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Бид хөгжөөд байвал хажууд байгаа хүмүүс ч гэсэн хөгжинө гэдгийг бүрэн дүүрэн ухамсарлах хэрэгтэй.
Мэдээж боловсрол орж ирнэ. Боловсрол зөвхөн боловсролын сайдын асуудал биш ээ. Боловсрол бол бидний л асуудал. Бид сэтгэл зүрхээ боловсролд зориулж чадвал боловсрол ирнэ. Жишээлбэл Өвөрхангай аймагт мэргэд гээд сайхан сургууль байсан. Одоо байгаа юу. Жишээ нь хангайн бүс нутаг хэдэн мэргэдтэй болох вэ, хэдэн мэргэдийг хувилах вэ гэдгээс асар их зүйл шалтгаалах юм билээ шүү.
Тийм учраас хөгжил ярих бол хамгийн түрүүнд хүнээ яриарай гэдэг зүйлийг бид ярьж байгаа. Манай засгийн газрын гол зүйл бол хүний нөөц, хүний нөөцийн шилжилт. Ирэх жилийг бид боловсролын жил болгон зарлаж байгаа. Яг боловсролын жилдээ хангайн бүс маань ямар амжилтад хүрэх вэ гэдгээ маш тодорхой болгоосой гэж бодож байна. Та бүхэн хөгжил төлөвлөлт хийдэг хүмүүс, засаг захиргаа, цахим засаглал, дээр нь манай эргэн тойронд байгаа энэ боловсролын үнэлгээ хэрхэн сайжрах вэ, багшийн чадвар ямар түвшинд очих вэ гэх мэтчилэн тодорхой зорилтыг цугласан дээрээ гаргаж аваасай гэж хүсэж байна.
Эдийн засгийн хөгжил гэдэг нь өрхийн орлого нэмэгдэх явдал юм
Хоёрдугаарт эдийн засгийн хөгжил. Эдийн засгийн хөгжлийг та бүхэн дахиад энгийнээр хараарай. Эдийн засгийн хөгжил гэж яг юу юм бэ гэвэл хүмүүсийн чинь орлого нэмэгдэж байна уу гэдгийг харахад л мэдэгдэнэ. Малчдын орлого, цэвэрлэгч хийж байгаа ажилчин, бусад худалдаа эрхлэгчдийн орлого нэмэгдсэн үү. Дэлхий тодорхой биш байна. Гэхдээ бид тодорхой байх хэрэгтэй. Эдийн засгийн бодлого тодорхой байдлыг л шаарддаг. Эдийн засаг хэдэн арван жилийн дараа яаж хэмжигдэх вэ гэвэл энэ бүс нутгийн компаниуд хэр зэрэг орлоготой вэ гэдгээр л хэмжигдэнэ. Бидний өчигдөр буусан буудал 20 жилийн дараа хэрхэн орлогоо нөхсөн бэ. Хүн бүрийн орлого хэр сайжирсан бэ гэдгээр бүх зүйл хэмжигдэх юм. Дахиад хэлье эдийн засаг энгийн шүү.
Хувийн хэвшлээ хэрхэн дэмжих вэ. Энэ нь маш тодорхой. Сумын даргад хувийн хэвшлээ дэмждэг программ хэрэгтэй, сумын иргэдийн хуралд хувийн хэвшлээ дэмждэг бодлогын баримт бичиг хэрэгтэй, аймгийн иргэдийн хурал хувийн хэвшлээ дэмждэг өөрийн гэсэн ухаан хэрэгтэй. Энэ бүсийн зөвлөл хэрхэн хүчирхэг хувийн хэвшилтэй болох вэ гэдэг өөрийн гэсэн программ хэрэгтэй.
Өчигдөр би ирэх замдаа Архангай аймгийн Цэнхэр сумаар орсон. Цэнхэр сумын Баян-Овоогийн энгэрт н.Өлзий гэдэг залуу 300 гаруй үхрийн шинэ үйлдвэрийг бодитойгоор хөгжүүлж байна. Хөгжүүлэх хөгжүүлэхдээ 30 үнээтэй малчин өрх жилийн 45 сая төгрөгийн орлоготой байх төсөлтэйгөөр хөгжүүлж байна. Үүнийг бид яаж дэмжих вэ. Н.Өлзий надад хэлсэн одоо надад зургаан малчин байна. Дараагийн таван хүнээ би авмаар байна гэж. Зургаан айлын бодитой орлого сарын гурван сая төгрөг давчихсан.
Гурван сая төгрөгийн орлоготой айл бол Монгол Улсад дундаж орлоготой айл руу шууд ордог. Монгол Улсын нийт хүмүүсийн 43 хувь нь 1.5 сая төгрөгөөс доош орлоготой байгаа. 3 сая төгрөгийн орлоготой болгочихсон бодит энэ жишээгээ л цаашаа амилуулаасай гэж бодож байна. Тийм учраас өнөөдрийн өглөөнөөс хойш болсон хуралдаанд хувийн хэвшлээ хэрхэн дэмжих үү. Төр хувийн хэвшил хоёр жинхэнээсээ яаж нөхөрлөх юм бэ, төр хувийн хэвшил хоёр жинхэнээсээ яаж түншлэх юм бэ гэдгийг одоо бид бүсийн түвшинд ороод ирэхээр цоо шинээр харж эхэлж байна. Цоо шинэ бодлогыг эрэлхийлж байгаа. Та бүхнийг үүн дээр тодорхой бодлого гаргаасай гэж хүсэж байна.
Мэдээж эдийн засгаа хөгжүүлэхийн тулд дэд бүтэц хэрэгтэй. Би гурван зүйлийг онцолж хэлнэ. Нэгдүгээрт хүнээ хөгжүүлье, хоёрдугаар эдийн засгийн бодлого чинь тодорхой байж хувийн хэвшлээ дэмжье, гуравдугаарт хувийн хэвшлийг хөл дээр нь босгох хамгийн чухал зүйл бол дэд бүтэц. Дэд бүтцийг бий болгох дээр хангайн бүсэд хамгийн онцгой төсөл бол Хархорин хот. Яалт ч үгүй энэ гурван аймгийг соронз мэт татах төсөл. Энэ гурван аймгийн ирээдүйн ард түмэн аз жаргалтай амьдрах боломжийг авчрах газар бол Хархорин хот. Тийм учраас энэ бүсийн хүмүүс бүгд сэтгэл нэгтэйгээр Хархорин хотоо байгуулах ажил руу уралдах хэрэгтэй. Хархорин хотын дэд бүтцийг шийдэх юм бол хангайн бүсийн дэд бүтэц аяндаа шийдэгдэнэ.
Хамгийн том хувийн хэвшил бол мал, аж ахуй. Мал, аж ахуйг тэтгэх үндэс бол ус дахиад ус. Тийм учраас энэ усны уулзалтыг зөв хийж усан хангамжийг бий болгож байж бид тариалан, малын иддэг хоолыг бэлдэнэ. Ингэж байж мал, аж ахуй бодитойгоор өгөөжөө өгч эхэлнэ. Үүний цагт нэг их наяд биш гурван их наядын төгрөгийн борлуулалттай хөнгөн аж үйлдвэрийн салбар болж хөгжинө гэж харж байгаа.
Хангайн бүсийн хамгийн гол салбар бол аялал, жуулчлалын салбар. Аялал, жуулчлалын салбарын дэд бүтэц ердөө хоггүй байх юм. Хоггүй л байх юм бол гаднын жуулчин ч тасрахгүй дотоодын аялагч нар ч тасрахгүй. Хоггүй л байх юм бол байгаль өөрөө босоод сэргээд ирнэ. Бороо ордог 10 жилийг бид угтаж байгаа. Энэ 10 жилийг ашиглаад бид хогноосоо салчих юм бол өвс ногоотой болж хөрс маань сэргэнэ. Тийм учраас бэлчээр, ус, мал энэ дэд бүтэц хамгийн чухал юм гэж ойлгож байгаа. Бид хангайн бүсийг босгож ирэх эр зоригтой байж чадна гэж миний хувьд итгэж байна" хэмээлээ.