ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Стратегийн ордуудын хувь хэмжээг тогтоох УИХ-ын ажлын хэсгийг П.Мөнхтулга ахалжээ

O.Admin
6 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар 2025 оны тавдугаар сарын 8-нд ажлын хэсэг байгуулах шийдвэр гарчээ.

Тодруулбал, тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны долдугаар сарын тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргаж, тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг томилсон бол УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, О.Болормаа, Б.Жаргалсан, С.Зулпхар, М.Нарантуяа-Нара, О.Пүрэвдаваа нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Улмаар гаргасан санал дүгнэлтээ намрын ээлжит чуулганаар танилцуулах үүргийг өгчээ. Тус ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулга “Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга, Асгатын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг эхний ээлжинд боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. 2004 оны 27 дугаар тогтоолын дөрөвдэх заалтыг ажил хэрэг болгох юм” гэлээ.

Тэгвэл Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Ажлын хэсэг Тавантолгой орд газар тэр дундаа Ухаа худагийн гэрээ байгуулагдсан үйл явцад Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг дүгнэлт гаргасан. Урьдчилсан байдлаар УИХ-аар оруулаагүй, Засгийн газарт танилцуулаагүй буюу Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд Засгийн газраас тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д хүргүүлсэн. Тавантолгойн орд газрын асуудлаар эмхэтгэл гаргаж хүргүүлсэн, гишүүдэд мэдээлэл ч өгсөн.

Ингэснээр өнөөдөр УИХ-ын даргын захирамжаар 2007 оны 27 дугаар тогтоолын биелэлтэд санал дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдаж байна. Үүнд ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд баяртай байна. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийг мэдээллээр хангаж, хамтран ажиллах болно. 2007 онд стратегийн орд гэж юу байх юм гэдэг шийдвэр бол түүхэн байсан. Гэтэл үүнийг ярилцахгүй 18 жил болжээ. Үүнийг 18 жилийн дараа 126 гишүүнтэй парламент ярилцахаар болж, ажлын хэсэг байгуулж байгаа нь өөрөө түүхэн үйл явдал юм” хэмээлээ.