Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Өнөөдөр /2025.05.09/ ажлын хэсгийн уулзалт болж явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хууль нь 2008 онд батлагдаж, 2012, 2015 онд удирдлагын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд томоохон нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин энэ удаа эрх зүйн томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байна.
Улсын Их Хурлын 2020 оны 23-р тогтоолоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, Эрүүл ахуйн хууль тогтоомжийг шинэчилж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгохоор тусгасан.
Мөн 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн гурван талт оролцоонд тулгуурлан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог сайжруулах зэргийг тусгасан.
Түүнчлэн Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан.
Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчлэн боловсруулах шаардлага тулгараад байна.