Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлтийн үеэр Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөр үг хэллээ. Тэрбээр,"Гашуунсухайт-Ганцмодны боомтыг төмөр замаар холбох түүхэн бүтээн байгуулалтын гэрчээр оролцож буй та бүхэнд талархал илэрхийлье.
Эдийн засгаа тэлж, ард иргэдийн амьдралыг сайжруулахын тулд зам, дэд бүтэц тэр дундаа төмөр зам чухал гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчээ. Сайн эдийн засаг гэдэг бол сайн дэд бүтэц, тээвэр логистикийн тогтолцоон дээр оршдог. Харин сайн дэд бүтэц гэдэг нь цаг хугацаатай уралдан оновчтой шийдвэрүүдээр бүтээн байгуулалт байдаг.
Монгол Улс төмөр замын салбарт олон жил хэлэлцэж, хүлээсэн төслийг өнөөдөр эхлүүлж буйд баяртай байна. Гашуунсухайт-Ганцмодны боомтын төсөл бол ганц боомтын асуудал биш Монгол Улсыг БНХАУ-ын эдийн засагтай холбох стратегийн гарц, орон нутгийн хөгжилд шинэ ажлын байр, орлогын эх үүсвэр бүрдүүлэх хөшүүрэг юм. 2004 оноос эхлэн яригдаж, 18 жилийн турш улс төр, эдийн засаг, техник гээд олон талын сорилтыг давж эцэст нь хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр батлагдаж, өнөөдөр ийнхүү батлагдаж буй нь түүхэн үйл явдал бөгөөд алдсан цаг хугацааг нөхөх боломж юм.
Энэ бол Засгийн газрын зориг, шийдвэр, эв нэгдэл уялдаа ямар үр дүнд хүрч болохыг харууллаа. Энэхүү бүтээн байгуулалт боомтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Тээвэр логистикийн зардлыг бууруулна, экспортыг үе шаттай нэмэгдүүлэхээс гадна эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгална. Орон нутгийн шууд хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна хоёр улсын харилцааны итгэлцэл, хамтын шийдвэр, олон хүний хөдөлмөр орсон учраас талархал илэрхийлэхийг хүсэж байна. Хурдтай хөгжлийн төлөө урагшилцгаая. Монгол-Хятадын найрамдал мөнхөд бат бэх байх болтугай" хэмээлээ.