ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: Ирэх жил нөхцөл байдал сайжрахгүй бол 3.3 их наядаар орлого тасарна

O.Admin
5 цагийн өмнө

Засгийн газраас 2025 оны төсвийн тодотголыг УИХ-д өнгөрөгч лхагва гарагт өргөн барилаа. Тодотголд ямар ямар онцлох хэмнэлтүүд орсон талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулав.

-2025 оны төсвийн тодотголыг өргөн барилаа. Хэдэн хувиар бууруулахаар тусгаж оруулж ирсэн бэ?

-Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголоор 2.1 их наядын хэмнэлтийг хийхээр болж байна. Буцаж тавигдаж байгаа гурван төрлийн зардал байгаа. ТЭЦ-3 гарсан ослоос үүдэн буцаж сэргээх төсөв, нэмээд Ойрхи Дорнодын геополитикийн асуудлаас үүдэн газрын тосны хомсдол үүсэж магадгүй учраас өвөлжилт, намрын ургац хураалтын асуудлаас үүдэн нөөц сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага бий. Нэмээд ирэх онд Монгол Улс СОР17 уулзалтыг зохион байгуулах амлалт өгчихсөн. Тиймээс энэхүү санхүүжилт татагдсан байсныг буцааж тавихаас өөр аргагүйд хүрч байна. 2.3 их наядаар танах гэж байсан ч 187 тэрбум нь буцааж тавигдсан гэсэн үг. Эдийн засгийн хөгжлийн яамнаас макро төлөвлөлтийг хийсэн байна лээ.

Гол түүхий эдийн үнэ буцаж сэргэхээргүй байна гэсэн судалгаа гарсан байна. Энэ биднээс шалтгаалах зүйл биш. Манайх худалдааны эдийн засагтай, гол түүхий эдүүдээсээ маш их хамааралтай. Гадны улс орны судалгааны байгууллагууд ч ирэх жилийн прогнозоо шинэчилсэн байна. Нөхцөл байдал сайжрах төлөв байхгүй учраас энэ түвшиндээ үргэлжлүүлээд явах нь хамгийн сайн шийдэл байх нь ээ. Ирэх жил нөхцөл байдал сайжрахгүй бол 3.3 их наядаар орлого тасрах нь ээ. Тиймээс энэ түвшинд төсвийн тодотголын төлөвлөлтийг хийсэн гэсэн үг. Эндээс илүү танах юм бол Засгийн газрын үйл ажиллагаа доголдох эрсдэл байгаа. Танаж хасаж болохгүй зардал 12 их наяд байна. Хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр гэх мэт өрхийн орлогод нөлөөлөх зардлыг хасахгүйгээр төр өөрөө зардлаа хэмнэнэ ээ.

-14 мега төслөөс дөрвийг нь үргэлжлүүлж, бусдыг нь хойшлуулах юм билээ. Ямар, ямар төслүүд үлдэв?

-Мега төслүүдээс шууд төсөвт нөлөөлөх нөлөөлөл бага. Газрын тос боловсруулах үйлдвэр гэхэд хэдийнэ ажил нь эхэлчихсэн. Төсвөөс мөнгө нь хасагдахгүй. Бусад нь төсөл буюу ТЭЗҮ хийх шатандаа яваа. Төслүүдийг эрэмблэх асуудал бол тусдаа яригдана. Энийг явуулна, тэрийг болиулна гэсэн зүйл явахгүй. Гадны санхүүжилт, төсвөөр явах төслүүд гэж ойлгож болно.

-“Алт-3” хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Эдийн засгийг сайжруулахын тулд өөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Ганц алт гэхгүй бүх түүхий эдүүдийн экспортод онцгой анхаарна. Сүүлийн жилүүдэд хайгуулын бодлого нэлээд хоцорлоо шүү дээ. Эргэлтэд орох алтны үйлдвэрлэлүүд ер нь бол зогсчихсон юм байна. Хуучин судлагдчихсан А лиценз бүхий алтны үйлдвэрлэлүүдийг эргэлтэд оруулах нь чухал байгаа юм. Бид газрын хөрсөн доороо валютын нөөцтэй. Үүнийгээ л эргэлтэд оруулах ёстой. Нөгөө талдаа байгаль орчны асуудал зөрчилддөг л дөө. Нэгэнт алтны үнэ өөрөө өндөр байгаа тохиолдолд том боломжийг алдаж болохгүй. Алтны үнэ ер нь буухгүй дээ. Тиймээс давуу тал болгож ашиглаад, нөхөн сэргэлтээ өндөр тавиад эргэлтэд оруулах ёстой юм.

Буцаад ямар байсан тэр хэмжээнд нөхөн сэргээлт хийнэ шүү гэдэг шаардлага л тавиад өгчих хэрэгтэй. “Алт-3” хөтөлбөртэй холбоотой Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг би эрс эсэргүүцнэ. 2000 дээр байсан алт 3400 болж өсчихөөд байхад улсад төлдөг татвараа бууруулна гэсэн ойлголт байхгүй.

Аль нэг салбарт зориулж татварын бодлогоо өөрчилнө гэж байхгүй. Төлдөг татвараа төлөөд л явах ёстой. Удахгүй өргөн баригдах татварын хуульд шатлалын асуудлыг харин тусгаж өгнө. Бүх аж ахуйн нэгжид жигд үйлчлээд явах татварын бодлого явна аа. “Алт-3” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас гарсан тогтоол жаахан сулдаад байна. УИХ-ын түвшинд буюу хууль тогтоомжийн түвшинд гарах асуудал байгаа юм гэж ойлгосон. Удахгүй орж ирэх байх.

-Инфляци оны эцэс гэхэд хэд болохоор байна вэ?

-Макро төлөвлөлтийг Монголбанк гаргах байх. Засгийн газар мөнгөний хатуу бодлогыг дэмжиж, түүнд нийцүүлэн төсвөө тодотгож байгаа гэж ойлгож болно. Н.Учрал сайд төсвийн хүрээний мэдэгдлээ танилцуулахдаа хэмнэлт хийж, мөнгөний нийлүүлэлтийг багасгана гэдгээ мэдэгдсэн. 500 сая ам.доллароор импорт дээр татах тодотгол орж ирж байна.

Энэхүү тодотгол төсвийг хэмнэхээс илүүтэйгээр макро зорилтууд буюу Төв банкны бодлого болон Засгийн газрын бодлогоод нэмэр болох зүйл юм. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах зарчмаар валютын нөөц дээр ирж байгаа сөрөг дарамтыг бууруулна.

-Ипотекийн зээлийг хасаж, танах асуудал бий юу?

Ипотекийн зээлээр оролдохгүй. Бодлогоор үргэлжлээд явна.