ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа

O.Admin
9 цагийн өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.06.24/-ийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын гаргасан санал дэмжигдсэнтэй холбогдуулан "Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ахалж, бүрэлдэхүүнд Р.Батболд, М.Бадамсүрэн, Б.Заяабал нарын гишүүд ажиллах юм.