УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.09.18/-ийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд иргэдийн саналыг авсны үр дүнд төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, мөн олон хүн үр ашгийг нь хүртэх төсөлд төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулахаар тусгасан байгааг хэлсэн.
Тухайлбал, олон жил яригдсан Даланзадгадын 50мBтын ДЦС-ыг бондын хөрөнгө оруулалтаар шийдэхээр болсон. Мөн говийн бүсийн 4 аймагт "царцсан" 10 гаруй барилга байдаг. Эдгээрийг дуусгах төсөв хөрөнгийг нь тавьж өгсөн зэрэг иргэдийн хүсэн хүлээсэн хөрөнгө оруулалтуудыг төсөвт суулгасныг гишүүд онцлов.
Мөн 2026 оны төсөвт тусгасан барилга байгууламжийн үр ашигтай байдлыг эрэмбэлэх, урсгал зардлыг бууруулж төсвийг хэмнэх, төрийн өмчийн компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндлөө. Мөн жил бүрийн төсөвт төрийн албан хаагчдын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмдэг ч дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг үнэгүйдүүлдэг асуудлыг цэгцлэх шаардлагатайг хэллээ.
Түүнчлэн Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар 2013 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө ахмадын тэтгэвэр тогтоолгох цалингийн дээд хэмжээг нэг сая 400 мянган төгрөгөөр тооцож тогтоосон. Мөн оныхоо 9 дүгээр сарын 1-нээс хойш тогтоолгосон ахмадуудын тэтгэвэр тогтоох доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмсэн байдлаар тогтоосон. Судалгаагаар 150 гаруй мянган ахмадын эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлыг ирэх оны төсөвт тусгаж, хохирсон ахмадуудын асуудлыг шийдвэрлэх саналыг гаргаж байсан юм.