ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Оджаргал: Тавантолгойн бүлэг ордын өрөм нь өөрөө Баруун, Зүүн цанхи шүү дээ

O.Admin
18 цагийн өмнө

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэснийн баялгийн сангийн тухай хуулийн төслийг амь оруулах үүднээс стратегийн орд газруудад хувь эзэмшиж буй компаниудын төлөөлөлтэй уулзжээ. Энэхүү уулзалтад ирсэн MCS группын ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал анх удаа сэтгүүлчдэд ярилцлага өгөв.

Тэрбээр, “Тухайн үеийн Засгийн газартай бүлэг ордын төрийн эзэмшлийн хэлэлцээрийг хийгээд есөн удаагийн хэлэлцээр хийж үр дүнд Тавантолгойн бүлэг ордын зургаан лицензийн тавыг нь төрд өгсөн. Нөөцийн 96 хувийг гэсэн үг. Ухаа худаг гэх дөрвөн хувь дээр бид бүтээн байгуулалт хийж ирлээ.

"Ухаа худаг" бол бүлэг ордын л нэг хэсэг. Тусдаа орд байдаггүй. Ард түмний баялгийг хулгайлчихлаа гэх мэтээр буруу мэдээлэл тараасан. Төрийн бүх байгууллага оролцсон, дөрвөн сарын хэлэлцээрийн үр дүнд төрийн эзэмшлийн хувийг өгсөн. Стратегийн ордод төрийн мөнгөөр хайгуул хийгээд хувийн хэвшилд эзэмшүүлсэн тохиолдолд 50 хүртэлх хувийг төр эзэмших ёстой гэсэн хуулийг бүр давуулан биелүүлж 96 хувийг өгсөн. Ухаа худагт бид тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Өмнөговьд автозам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, сургууль, цэцэрлэг барилаа. Оны эцсээр 15 жилийн хугацаанд 2.6 их наядыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Өгөөж нь ард түмэнд байх ёстой гэдэг заалтыг биелүүлж уурхайн өгөөжийн 70 хувь буюу 2.6 их наядыг ард түмэндээ өгчээ. Тавантолгойн бүлэг ордын өрөм нь өөрөө Баруун, Зүүн цанхи шүү дээ. 6.4 тэрбум тонны нөөцтэй тэрний дийлэнх нь төрд байгаа. Баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэндээ хувь эзэмшүүлэх, Үндэсний баялгийн сангаа мөнгөжүүлэх ажлыг бид бүрэн дэмжиж байгаа. Эдийн засгийг томруулах, ДНБ-ий хэмжээг нэмэх нийтийн зорилт болгохын тулд экспорт ахиухан хийж, хөрөнгө оруулалт татъя.

Хөрөнгө оруулалтыг татах салбар чинь өөрөө уул уурхай. Ялангуяа стратегийн орд гэдгээ ялгаж салгая. Гадны хөрөнгө оруулагч ороод ирчихсэн байтал төр 34 хувь авна гээд байвал юу болох вэ. Тиймээс энийгээ ялгаж салгах нь ээ гэж ойлголоо.

Байгалийн баялгийг ашигласны төлөө төлж буй татвар иргэнд очих ёстой юм. Хөрөнгө оруулагч хийгээд төр талдаа ойлголцож чадна гэж найдаж байна. Стратегийн орд гэдгээ тодорхой болгоё.  Юуг хэлэх юм, байх юм уу үгүй юу гэдгээ ярилцана гэж найдаж байгаа. Ямар ч хөрөнгө оруулагч орон нутаг, ард иргэд, төр засагт өгөөжийг өгөхийн төлөө ажиллана.

Гол нь хэлсэн тохирсондоо байх тухай асуудал. Нэг хүн гарч ирээд энэ чинь стратегийн орд гээд дайраад байвал хэцүү биз дээ. Би стратегийн орд гэж ярих нь буруу гэж боддог. Стратегийн бүтээгдэхүүнээр зааглахгүй бол нүүрс ч хамраад байх юм. Биднийг гэрээ хэлэлцээрт дуудаагүй. Уриа ч үгүй. Уул уурхайн салбарт ажиллаж буйн хувьд ярилцаад, ард түмэндээ өгөөж өгч буй нь мэдрэгддэг, хөрөнгө оруулагч нар хүлээж авахуйц хэлцлийг хүлээн авахад бэлэн.

Хуулиараа УИХ-ын гишүүнд нэр дэвшихэд аж ахуйн нэгж хандив өгч болно гэж заачихсан. Тэр хүрээнд бид хуулиараа гишүүдэд хандив өгдөг. Групп компани гэхэд гурван салбар компаниараа 90 хүртэл сая төгрөг өгөх хууль нь нээлттэй. Хэрвээ өгч болохгүй гэвэл өгөхгүй. Нам үл харгалзан хулгай хийхгүй, ард түмний төлөө зөв зүйтэй явах, бизнес эрхзүйн зөв орчныг бий болгож чадах хүнд өгдөг. Тэднээс би эргээд юм гуйж үзээгүй, гуйх ч үгүй. Холбоотой байж уулзаж ч үзээгүй” хэмээн мэдээлэл өглөө.