ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНСУ-д 500 оюутан сургаж, олон улсын түвшний инженер бэлтгэнэ

O.Admin
21 цагийн өмнө

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, "Эрдэнэс Монгол” нэгдэл болон БНСУ-ын холбогдох байгууллагууд хамтран “Mongolia–Korea Critical Minerals and Mining Investment Forum 2025” арга хэмжээг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байна.

Форумыг нээж Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хүндэтгэлийн үг хэлсэн бөгөөд арга хэмжээнд хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компаниуд, БНСУ-ын томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцлоо.

Тухайлбал Samsung C&T, KOMIR зэрэг байгууллагууд оролцож байна. Форумын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компаниуд хэрэгжүүлж буй аж үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалт болон чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтын төслүүдийн талаар танилцуулга хийв.

Мөн Монгол, Солонгосын компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор салбар хоорондын уулзалт, B2B хэлэлцүүлгүүд өрнөсөн нь онцлог байлаа.

Арга хэмжээний үр дүнд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хайгуул, олборлолт, судалгаа шинжилгээ, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна. Мөн аж үйлдвэр, технологийн парк болон уул уурхайн салбарт байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь форумын чухал ач холбогдол боллоо. 

Форумын үеэр олон талын хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцаж, санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. БНСУ-ын Засгийн газрын төлөөллүүд оролцож Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

-Монгол Улс Самсунг, KOMIR KIGAM, Чонбук их сургууль зэрэг өндөр технологи, хөрөнгө оруулалт, сургалт, судалгааны байгууллага, компаниудтай хамтарч ажиллахаар боллоо.

-Уул уурхай, ялангуяа чухал эрдэс хайх, олборлох, боловсруулахад хөрөнгө оруулах, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрахаар боллоо.

- Samsung групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээ байгууллаа.

•-Чонбук Үндэсний их сургуульд 500 монгол оюутан сургаж, олон улсын түвшний инженер бэлтгэхээр боллоо.

- KIGAM хүрээлэнтэй чухал ашигт малтмалын судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

-Korea Investment & Securities (Asia) компанитай хамтарч манай улсад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татна.

- Монгол Улсад ажилласан туршлагатай KOMIR корпорац уул уурхайн нөхөн сэргээлтийн төслүүдээ үргэлжлүүлнэ.

-Эдийн засаг, хөгжлийн яам Европ, Азийн улсуудаас хөрөнгө оруулалт татах, шинэ гарц нээх талаар онцлон анхаарч байна. Энэхүү форумыг БНСУ-аас зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байгаагаар онцлог юм.