ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: МАН-ын бүлэг төсвийг үргэлжүүлэн хэлэлцэх улс төрийн шийдвэр гаргалаа

O.Admin
21 цагийн өмнө

Өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн МАН-ын бүлгээс 2026 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд үргэлжлүүлэн хэлэлцэх улс төрийн шийдвэр гарчээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Б.Жавхлан сайд хэлэхдээ, “Өнөө жил бид шинэ цагалбар, шинэ дэгээр төсвөө хэлэлцэж байгаа. Есдүгээр сарын 15-наас чуулган эхэлмэгц төсвөө хэлэлцэж эхэлдэг болсон байгаа. Өмнө дөрвөн хэлэлцүүлэгтэй байсан бол одоо таван хэлэлцүүлэгтэй боллоо. Есдүгээр сарын 15-наас эхэлсэн хэлэлцүүлэгт санал хураалт бол явагдахгүй.

Янз бүрийн түвшний хэлэлцүүлэг явна гэсэн үг. АН-ын бүлэг завсарлага авахдаа өөр асуудлаар завсарлага авсан. Байнгын хороодууд хуваарийн дагуу хэлэлцээд явж байна. Аравдугаар сарын 02-ноос хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлнэ. Жилийн төлөвлөгөөнд 2026 оны төсвийн төсөл нийцэж байгаа эсэх талаар санал хураалт явдаг. Бүлгийн хуралдаанаараа асуудлаа яриад төсвөө цааш нь хэлэлцээд явах ёстой гэдгийг 100 хувийн саналаар дэмжиж, улс төрийн шийдвэр гаргалаа. Төсөв дээр тавьсан өөр нэг онцлох зүйл гэвэл том төслийг санхүүжих дүнг гурав хувааж тавьдаг боллоо. Ингэснээр амсуулах төдий төсөв тавьдаг гэдэг шүүмжлэл байхгүй болж байна.

Зургадугаар сарын 01-ны хугацаанд гэрээ хийгдэж амжаагүй бол төслийн санхүүжилтийг цуцалдаг хуулийг битгий өөрчлөөрэй гэж хүссэн. Энэ хууль хэрэгжээд байвал төсвийн сахилга бат дагаад сайжрах юм” хэмээн байр сууриа илэрхийлэв.