Өнгөрөгч бямба гарагт буюу энэ сарын 20-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөлийн 32 гишүүн Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, намын Бага хурлын тов тогтоох асуудлыг хэлэлцсэн.
Улмаар, намын даргыг сонгох Бага хурлын товыг ирэх бямба гарагт буюу энэ сарын 27-ны өдөр хэмээн тогтсон. Тэгвэл энэ үеэр УИХ-ын дарга, МАН-ын даргад нэр дэвшигч Д.Амарбаясгалангийн эсрэг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн гэх мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Удирдах зөвлөлийн хурлын үеэр “Та нар намайг хоригдоход юу ч дуугараагүй байх аа. Тэгэхэд би УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй, сонгуулийн уулзалттай явж байсан.
Чи намайг анх УИХ-ын дарга М.Энхболдтой уулзуулсан. Дараа нь урвасан. Ийм байж хэнээс юунаас дэмжлэг хүсээд байгаа юм” хэмээжээ гэх мэдээлэл түгсэн билээ. Тэгвэл үүнд МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар албан ёсоор няцаалт өгчээ. Тэрбээр, “МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр гишүүдийн хэлээгүйг хэлсэн болгож, мушгин гуйвуулж, утга санааг тэс ондоо болгон өөрчилсөн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаад харамсаж байна.
Ийм зүйлс яригдаагүй болохыг албан ёсоор мэдэгдье. Эдгээр цахим хаягнуудаас өмнө ямар мэдээллүүд түгээж спонсордож байсныг нь харчихад хэн хийгээд байгаа нь харагдах байх. Нам дотрох өрсөлдөөнд нийгмийг татан оролцуулах оролдлого, нэгнийгээ харлуулах санаархал нь эзэндээ амжилт авчрах бус харин сөрөг нөлөөг л авчрана гэдгийг ухаараасай билээ” хэмээжээ.