ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гадаадад очиж уриалан дуудчихаад улсдаа ирэхээрээ улдан гацаасаар л байх уу

O.Admin
18 цагийн өмнө

Удтал чимээ аниргүй нам гүмхэн байсан уул уурхайн салбар намрын их ажилтай зэрэгцэн чимээ орж, уул уурхайн салбарын талаарх гялтайх сайн мэдээлэл ар араасаа дуулдаж эхлэв.

Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа энэ салбар сүүлийн жил гаруйн хугацаанд донсолгоо савлагаан дунд “тийчилж”, том ордуудын хулгай, хууль бус хувьчлал, стратегийн орд газрын 34 хувийн эзэмшил хийгээд тэдгээр ордуудын эзэн хэн байх тухай хэлцэл гээд сайнаас илүү саараар яригдсан нь олон.

Энэ их хэрүүл тэмцэл хэл ам дундуур ганц нэг гялтайх мэдээ дуулдаж, хөрөнгө оруулагчдыг урин дуудахаар сайн мессеж гардаг ч хулхи эх орончдын хуурамч улстөржилт, жагсаал тэмцлээс үүдэн гацаанд орчихдог ч гаслантай. Өнгөрсөн онд гэхэд л Оюутолгойн татварын маргаан, Ухаа худгаас төр хувиа авах гэх мэт улстөржсөн, талцаж хэрэлдсэн, хаа хаанаа тодорхойгүй маргаан дундуур “Монгол Улсын хувийн хэвшил газрын ховор элементтэй Халзанбүргэдэйн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь ээ. Ураны төслөө Францтай хамтран урагшлуулах нь ээ” гэсэн сайн мэдээнүүд дуулдсан ч мөнөөх л оноо авах гэсэн улстөрчдийн бусармаг үйлдлээс үүдэн гацаанд орж, өнөөдөр Төрийн ордонд хэнийх нь зөв талаар сонсголын ширээний ард суух хүртлээ гацав.

Ураны салбарт манлайлагч Франц улстай 20 гаруй жил ярьж явсаар ураны төслийг эхлүүлэх гэрээг үзэглэсэн ч Монгол Улсыг мөнхийн хараат, эдийн засгийн чадамжгүй байлгах улс орны эрх ашгийн гар хөлд зарагдсан хулхи эх орончид улдан гацаасаар дахиад л урагшлах уу, эс урагшлах уу гэсэн сонголтын өмнө Монгол Улс ирээд байна.

Хэдхэн жилийн дараа үнэ цэн нь алсрах нүүрсээ эдийн засгийн эргэлтэд шуурхай оруулж, цаашаа эргэчихээд байсан БНХАУ-ын хөрөнгө оруулагчдыг наашаа татаж чадсан Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын гэрээ ч өчигдөрхөн хамгийн сайн жишиг гэрээ хэмээн магтагдаж байсан бол өнөөдөр хамгийн муу хэмээн яригдаж, улс төрийн намын дарга нарын зодооны “мишок” болж буйг харсан ямар ч хөрөнгө оруулагч мөнгөө бариад Монгол руу ирэхгүй гэдэг нь ойлгомжтой.

Төмөртэйн ордыг төрд авлаа, Төгрөг нуурыг төрийн мэдэлд шилжүүллээ, Ухаа худаг, Ачит ихттэй хэлэлцээрийн ширээний ард суулаа, суух гэж байна, суучихаад явж байна гэсэн тодорхойгүй атлаа тодрох пиар болсон энэ бүх төрийн томчуудын талцал, элийрлийн үр дүнд хөрөнгө оруулагчид улам бүр алсарч, Монгол Улс чөтгөрийн тойрог дотроо эргэлдсээр байх харамсалтай үр дүн бий болдгийг салбарын сайд хийгээд Ерөнхий сайд нь анхаарч, улстөржилт, улдан гацаагсдаас үл хамааран том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, хайгуул хийчихсэн, ашиглахад бэлэн болчихсон төслүүдээ явуулмаар байх юм.

Тэгвэл энэ салбарт гялтайх мэдээ болон дуулдаж буй мэдээ БНСУ-аас ирэв. Тодруулбал, БНСУ-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар дөрөө хоршиж очоод “Чухал ашигт малтмал- Уул уурхайн хөрөнгө оруулалт” гэх уулзалтыг хийж, хэд хэдэн чухал санамж бичигт гарын үсэг зурав.

Ингэхдээ уул уурхайн компаниудын нэгдэл болох “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагаа дагуулж очоод тун удахгүй хэрэгжиж эхлэх төслүүд хийгээд хөрөнгө оруулагчаа хүлээж буй төслүүдийг мөн танилцуулжээ. Хөгжлийн банкны удирдлагаа авч очоод манайд хэрэгжих том төслүүдэд БНСУ-ын талаас хөрөнгө оруулалт санхүүжилт татах гэрээг үзэглэв. Мөн ирэх өдрүүдэд хэрэгжих төслүүдэд хэрэгтэй мэргэжлийн боловсон хүчинг БНСУ-ын Чонбук их сургуультай хамтран бэлтгэхээр тохирч, 500 инженер бэлтгэе хэмээн тохирчээ.

Хамгийн чухал нь БНСУ-ын талтай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна “Эрдэнэс Алт ресурс” компани нь БНСУ-ын Самсунг корпорацитай 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээ байгуулж чадсан нь уул уурхайн салбарт гялтайх мэдээ болж чадав.

Нөгөөтээгүүр, Төрийн ордонд Ерөнхий сайд нь УИХ-аас баталсан Үндэсний баялгийн санг амь оруулах, Үндсэн хуулийн 6.2 буюу буюу “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна” гэх заалтыг амь оруулцгаая хэмээн уул уурхайн салбарт ажиллаж буй дотоодын хөрөнгө оруулагчдаа хэлэлцээрийн ширээний ард урьж ярилцав.

Өмнө нь хэн ч, хэзээ ч хэлэлцээрийн ширээний ард сууя гэж дуудаагүй атлаа хэл ам, хэрүүл тэмцлээр тархи угааж, нийгмийг “хүчиндсэн”, худал мэдээлэл цацаж байсан гэдгийг тэд энэ уулзалтын үеэр онцолжээ.

Товчхондоо, эдийн засгийн эргэлтэд том төслүүдээ оруулж, орд газраасаа хуулийн хүрээнд төр хувь эзэмших гэж байгаа бол улстөржилтгүй, оноо авах гэсэн пиаргүйгээр бодит байдлаа ярилцаж, хэн хэндээ харилцан ашигтай байдлаар шийдэл гаргая хэмээн хөрөнгө оруулагч нар санал нэгдсэн нь гялтайх мэдээ болов. Тэгэхээр өнөөдрийн энэ бүх сайхан мэдээ маргааш нь л мартагддаг байх учиргүй. Стратегийн ордуудаасаа төр хуулийн хүрээндээ хувь эзэмшлээ ярь. Гол нь тэр нь дотоодын хөрөнгө оруулагчаа хохироохгүй байх тухай асуудал.

“Дэлхийн тавцанд очоод газрын ховор элементээ бид эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна. Бидэнтэй хамтраад өгөөч” гэж санамж бичиг байгуулж, гуйж түүж шоудчихаад энд ирээд төслөө гацаадаг, хөдөлгөхгүй гэж улайрдаг, үндэсний хийгээд дотоодын аж ахуйн нэгжүүдээ урагш явуулах бус улдан гацааж, улстөржүүлээд хэвтчихдэг байж болохгүй.

Газрын ховор элементийг гэхэд л дотоодын аж ахуйн нэгжүүд өөрсдөө ч эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Түүний нэг нь Халзанбүргэдэй. Гэтэл түүнийг нь улстөржиж зогсоочихдог атлаа БНСУ-ыг бидэнтэй хамтраад өгөөч гэж гүйж явах нь учир дутагдалтай гэж хэлээд байгаа юм.

Ерөөс салбарын сайд, цаашлаад Засгийн газрын байр суурь хил давахаараа өөрчлөгдчихдөг, хилээр орж ирэхээрээ нэг өөр болдог бус том төслүүдээ хөдөлгөөд, хайгуул хийгдсэн ордуудаа ашиглаад эдийн засгаа сэргээе гэсэн ганцхан байр суурин дээрээ зогсмоор байна. Энэ улсад өөрчлөлт хийе, орд газраасаа хувь хүртээж олуулаа ашиг хүртэцгээе гэсэн байр сууриа яриад л байдаг биш яг ажил хэрэг болгох л чухал байна даа.