ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Ж.Эрдэнэбатыг унагах үеийн хуулийн процесс яг хэвээр байгаа

O.Admin
3 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр улс төрд өрнөөд буй үйл явдлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЭУ-д хийсэн айлчлалд яваад ирлээ. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах 10 орчим гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Маш чухал айлчлал боллоо. Өндөр ач холбогдол бүхий айлчлал болсон учраас Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлэл өгөх байх аа.

2017 оны есдүгээр сарын 07-ны өдөр буюу намайг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг яг энэ процессоор унагаж байсан. ТББХ-гоор огцрох эсэх асуудлыг огцруулахгүй гэж дэмжээд гаргасан. Ингээд чуулганд орж ирэхдээ дэмжээгүй гэдэг саналыг дэмжинэ гэж санал хураагаад унагаж байсан. Энэ хуулийн зохицуулалт, дэг журам яг хэвээрээ байгаа.

Ийм л зүйл болж байгаа. Үндсэн хуулийн зөрчил огт байхгүй. Намын дүрмээр Бага хурал дээрээ өрсөлдөөн болж нэг нь ялагдаж, нөгөө нь ялсан. Гэсэн ч нэг нь хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд УИХ-ын Дэгийн тухай хуулийг үл хүндэтгэж бүлгийн дарга нь байсаар байхад хуралдаад огцруулчихсан. УИХ дахь МАН-ын бүлэг 65-уулаа байхдаа 32, 33 болж хуваагдаж байсан тэр түүх дахин давтагдлаа.

Гагцхүү ялгаатай нь Д.Хаянхарваа дарга хоёр талыг яг таг суулгаж байгаад санал явуулж, нэг хүнээр ялагдал хүлээж, бүлгийн даргаа ном журмын дагуу өгч байлаа. Гэтэл одоо бол Дэгийн тухай хуулиа зөрчөөд бүр даамжраад Үндсэн хуулийн хийдэл рүү явлаа. Өөрсдөдөө тааруулж хууль тайлбарлаа больмоор байх юм. Ерөнхийлөгчийн айлчлалд найман гишүүн явсан. Тэнд ямар ч санал өөрчлөх тухай асуудал яригдаагүй. Төрийн том айлчлал хэдэн жилээр төлөвлөгдөж байдаг зүйл. Засгийн газар огцрохтой огт хамаагүй” гэлээ.