ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Дэлхий дахинд амаргүй цаг үед эрх баригч нам зөрчилдөж болохгүй

O.Admin
3 цагийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр яаралтай горимоор өргөтгөсөн хуралдаан хийж, 38, 30-ын бүлэг болж хуваагдсан хоёр талыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг хоёр хоногт багтан зөвшилцөлд хүрэхээр хоёр талтай уулзах учиртай билээ.

МАН-ын хашир туршлагатай улстөрчид болох Н.Энхбаяр, М.Энхболд, Ц.Нямдорж, Б.Тогтохсүрэн, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй есөн улстөрчийг багтаасан тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар ахалж буй.

Тэгвэл Ч.Хүрэлбаатар энэ талаар “Намын Удирдах зөвлөлийн хуралдаан өргөтгөсөн байдлаар хуралдаж, хуваагдсан байгаа хүмүүстэй уулзах ажлын хэсгийг байгуулсан. Хоёр талд хурлаа хийж буй намынхантайгаа уулзахаар хүлээж байна. Хэлэлцээрийн хүрээнд юу ярих бол гэдэг нь хүмүүсийн сонирхож буй сэдэв байх. Ажлын хэсгийн ажиллах хүрээ гэж бий. Давж болохгүй шугам гэж бий. Хуулийг бид давж хэлцэл хийхгүй. Хуультай холбоотой асуудал хуулийн хүрээндээ шийдэгдэх биз. Удирдах зөвлөлөөс гарч буй ажлын хэсэг төрийн хэрэгт оролцохгүй. Хоёр талд гараад суучихсан байгаа хүмүүсээ эвлэрүүлэх ажлыг хийнэ.

Төрийн ажлаа тэд хамтдаа ярьдаг болгохын төлөө явж байна гэсэн үг. Улс орны эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Дэлхийн эдийн засгаа харцгаая. Ийм үед эрх баригч нам зөрчилдөж болохгүй. Цаашдаа ямар байдалтай явах вэ гэдгээ тодорхой болгох нь зөв юм. Эрх ашгуудын зөрчил, эдийн засаг унаад эхлэхээр хоорондын зөрчил идэвхжсэн болов уу. Улс орон, намын эрх ашгаа л алдаад эхэлжээ л гэж харлаа. Одоо хүртэл таван хэлэлцүүлэгт орох ёстой төсөв хэлэлцүүлэгтээ ч ороогүй яваа нь буруу юм.

Төсөв бол макро эдийн засгийн бодлого атал тэр нь тодорхой бус байна гэдэг нь ирэх жил бизнесийн орчин муудах нь ээ гэсэн дүр зураг юм. Намын Бага хурал хуралдахын өмнө би маш тодорхой байр суурийг Удирдах зөвлөлдөө илэрхийлсэн. “Хоёр дарга маань Бага хуралд битгий өрсөлд өө. Намын Их хуралдаа өрсөлдчих. Намаа хуваах нь ээ. Ингэж олон удаа битгий хуваа. Намын Бага хуралд та хоёрын хэн нь ч 3/2 саналыг авахгүй ээ” гэдгийг хэлсэн.

Хоёр лидер хүн үзэхээр санал бол 50 орчимд эргэлдэх нь тодорхой байсан. Гэтэл энэ саналыг хүлээж авахгүй өрсөлдөөд намын дүрмээ зөрчсөн нь бүгдэд ойлгомжтой байсан. хүний гэм буруутайг шүүх тогтооно шүү дээ.

Ерөнхий сайд “Хулгайтай эвлэрэхгүй” гэж Удирдах зөвлөлийн хурлаа орхиж гарсан гэдэг бол худлаа мэдээлэл. Аль, аль талдаа жудагтай л байх ёстой шүү. Шатахууны асуудлаар хуралтай гээд гарсан шүү. Та бүхэн ч бас үнэн мэдээллийг өгөх ёстой байх шүү. Олон сар хоёр талд гарсан хүмүүсийг хоёрхон хоногт эвлэрүүлэх хэцүү. Гэхдээ том улс төр, эрх ашгийн төлөө нэг талдаа гарчих байх гэсэн хүлээлт бол байна" хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.