ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэний илтгэлийн онцлох ишлэлүүд

O.Admin
2 цагийн өмнө

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2025.11.15/ үргэлжилж байна. Түүхэндээ хамгийн олон буюу 2247 төлөөлөгч оролцож байгаа тус Их хуралд Монгол Ардын Намын дарга асан, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв. Түүний илтгэлээс онцлох ишлэлийг хүргэе. 

-Намын нөхдөдөө энэ өдрийн мэнд хүргэж, хурлын ажиллагаанд амжилт хүсье. 2024 оны УИХ-ын сонгуульд 126 парламентад олонхын суудал авч, тусгаар тогтнол эрх чөлөөний бэлэгдэл болсон 100 жилийн түүхтэй МАН-аа нэгэн зуунаас шинэ зуунд ялалтаар түүчээлж чадлаа.

-2024 онд дэлхийн 70 гаруй улсад улс төрийн сонгууль болсноос ардчилсан тогтолцоотой улсад эрх баригч нам ялалт байгуулсан цорын ганц тохиолдол байлаа. Мөн 18 аймгаас гадна нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан. Х.Нямбаатар даргатай нийслэлийн МАН-ын хорооныхон болон аймаг нийслэлийн дарга нартаа мөн баяр хүргэж, амжилт хүсье.

-Бидний ялалт бол “Шинэ сэргэлт”-д итгэсэн ард түмний дэмжлэг байсан юм. Энэ бодлого бол нийгэм эдийн засгийн асуудлыг богино хугацаанд шийдэх зорилго бүхий захиалгат хөтөлбөр байсан юм.

-Улс орнууд хилээ хааж, эдийн засаг хүндэрсэн, улсын төсөв тасалдсан "Ковид-19" цар тахлын үед МАН 30 дахь удаагийн Их хурлаа "UB Palace"-д амандаа масктайгаар хийж байлаа. Хоорондоо зайтай сууцгааж байлаа.

-"Шинэ сэргэлтийн бодлого" бол олон жил гацсан мега төслүүдийг гацаанаас гаргах боломж байсан. Эдийн засгаа тэлж чадахгүй бол нийгмийн асуудлаа шийдэхгүй.

-Бодлого хэрэгжиж эхлэх цагт эдийн засгийн багтаамж 37 их наяд байсан бол өнөөдөр 80 гаруй их наядад хүрч, ДНБ хоёр дахин тэлжээ. Тиймээс ч улс төрийн шүүмжлэлийг үл сатаарч, томоохон төслүүдээ урагшуулах шаардлагатай.

-21 жил яриа төдий байсан Гашуунсухайт-Ганцмод мод боомтын хил холболт амжилттай хөдөллөө. Эрээний хилийн боомтоос хойших 50 жилийн дараа хийсэн хоёр дахь том төмөр замын хил холболт юм.

-1997 оноос хойш яригдсан ураны төсөл урагшилснаар Оюутолгойгоос хойш гуравдагч хөрштэй хийж буй хөрөнгө оруулалтын томоохон гэрээ болж чадсан билээ.

-1964 оноос хойш судалгааг нь эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн гэрээ эцэслэн батлагдаж, бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

-Боомтын сэргэлтийн хүрээнд Замын Үүд-Боомтын хүчин чадал дөрөв дахин, Гашуунсухайт боомтын хүчин чадал хоёр дахин, Алтанбулаг боомтын хүчин чадал дөрөв дахин, Сүхбаатар-Боршоо боомтын хүчин чадал 3.5 дахин нэмэгдсэн.

-2000 онд хамтдаа эхлүүлсэн "Мянган зам"-ын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, 21 аймаг нийслэл Улаанбаатар хоттой холбогдож дууслаа. Энэ төслийг эхлүүлсэн Н.Энхбаяр даргад талархал илэрхийлье. Төсөлд хугацаа ордог гэдгийн илэрхийлэл энэ билээ.

-Гацсан төслүүдийг гацаанаас гаргах нь өөрөө шинэ сэргэлт байсан. Үндэсний баялгийн сан ба баялгийн шударга хуваарилалтыг хийхэд энэ бодлого бүхэлдээ чиглэсэн юм шүү. Тийм ч учраас бид амлалтаасаа алхам ч ухрах эрхгүй шүү гэдгийг хэлмээр байна.

-Зарим зүйл дээр гомдоож байсан бол намайг чин сэтгэлээсээ уучлаарай. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн гэхээс илүү намаа ялуулах гэснийг хэлье.

-МАН-ын даргын хувьд жагсаалтыг толгойлж болох байсан ч, Г.Лувсанжамц тэргүүтэй залуу экспертүүдийг жагсаалтад урьж оролцуулсан. Энэ шийдвэр ч маш хүнд байсан. МАН үргэлж нээлттэй байгаасай гэж би хүсдэг. Тиймээс ч шинэчлэлт хийх үүднээс олон залуусыг оруулж ирсэн, энэ нь ч зөв байсан.

-Албан тушаалын дон туссан байдлаар аливаа асуудалд хандаж болохгүй. Ард түмэндээ амласан амлалтаа манай нам биелүүлэх зорилгоор үлдсэн хугацаандаа ажиллах учиртай.

-Би хавраас хойш эхэлсэн улс төрөөс хойш нэг ч үг хэлэхгүй яваа. Бид ард түмэнд амалсан амлалтаа биелүүлэхэд цаг хугацааг зарцуулах ёстой. Нэгнээ хэмэлж, бусдад идэш болж байсан гашуун түүх бидэнд бий.

-МАН-ын даргаар ажиллах хугацаанд намын нөхдөө хойш суулгаж, зарим зүйл дээр зарчмаа зөрчиж байсан бол уучлаарай. Энэ бол хувь хүн гэхээс илүү МАН-ыг ялалтад хүргэх гэсэн даргын шийдвэр байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу. МАН ирэх сонгуулиудад ялалт байгуулах болтугай

-Намын дарга гэдэг хэцүү ажил юм байна. Дараагийн намын даргаа бүх талаар хайрлаж, хамгаалж яваарай. Бүх талаар хүрээлж, нэг баг болж дараагийн ялалтын төлөө түүчээ шувуу шиг бусад шувуудаа дулаан оронд авч очихын төлөө хичээнгүйлэн зүтгэхэд нь хамт байх учиртай.

-Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой. Тийм ч учраас 31 дүгээр Их хурал Эв нэгдлийн Их хурал байх ёстой. Монгол Ардын Нам эв нэгдлээ олж, цааш цаашдын сорилтыг даван туулж чадна гэдэгт миний хувьд итгэл төгс байна.

-Цаг хугацаа өнгөрөх тусах бодит үйл хэрэг, үнэт үзэл бодол тодорч чадна гэдэгт би итгэдэг. Ялалт байгуулсан намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна.

-Шинэ намын дарга намын түүхт 31 дүгээр Их хурлаас сонгогдох удирдлагын баг Монгол Ардын намаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ажиллахын ерөөл дэвшүүлье. Би бүх талаар дэмжиж ажиллах болно.