ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Шинэ хоршоо”-ны зээлийг түр зогсоожээ

O.Admin
2 цагийн өмнө

Шадар сайд Х.Ганхуяг “Шинэ хоршоо”-ны зээлийг хэрэглээний зээл хэлбэрээр ашиглачихсан тохиолдол их байна. Тиймээс одоо байгаа хэлбэрээр цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Х.Ганхуяг сайд хэлэхдээ "Хоршооны зээлийн 20-30 хувь нь хэрэглээний зээл рүү орсон гэсэн тоон мэдээ бий. Иргэн, хоршоо, банк гурвын дундах гэрээ хэрэгжээд төлөлт явж байгаа учраас ямар нэг байдлаар дундаас нь оролцох, түүнийг зогсоох боломжгүй. Цаашдаа ийм байдлаар бол олгохгүй.

Цаашдаа хөтөлбөрийг хоёр чиглэл рүү явуулна. Шинэ хоршоог нүүрстөрөгчийн зах зээлтэй уялдуулна. Өөрөөр хэлбэл, малчид бэлчээрийн даацтайгаа уялдуулж малаа үржүүлнэ. Ингэснээр нүүрстөрөгчийн зах зээлээс мөнгө олох боломжтой. Тэрийг нь малчдад аваад өгчихнө. Төрөөс бүртгэл, платформын асуудлыг шийднэ. Хоёрдугаарт, дундын хоршоо буюу тээвэр, логистик хийгээд үйлдвэрлэл явуулахад шаардагдах дэмжлэг хэлбэрээр явуулна.

“Шинэ хоршоо”-ны зээлийн талаарх малчдын санал хүсэлтийг И-Монголоор дамжуулан авах, түүнчлэн малчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор CU сүлжээ дэлгүүртэй хамтран нэг лангууг малчдын бүтээгдэхүүнд зориулж ажиллуулах санал гаргасан. Намайг 11 аймагт ажиллах үеэр сайн үйл ажиллагаа явуулж буй хоршоод олон байсныг онцлох нь зөв болов уу. Махны экспорт нэмэгдэхэд хоршоод тодорхой хувь нэмэр оруулсан нь үнэн. Гэхдээ хэрэглээний зориулалттай зээлийг төрөөс дэмжих нь зохисгүй” гэлээ.