ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ван И Монгол Улсад айлчилна

O.Admin
2 цагийн өмнө

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 6-р сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна гэв.

Айлчлалын үеэр Ван И Монголын удирдлагуудтай уулзаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм. Талууд хоёр орны харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Линь Жянь хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн стратегийн удирдлага дор хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж байна. Энэхүү айлчлалаар дамжуулан хоёр орны удирдагчдын хүрсэн чухал тохиролцоог хэрэгжүүлж, Хятад-Монголын иж бүрэн стратегийн харилцааг урагш хөгжүүлэхэд түлхэц үзүүлэхийг хүсэж байна гэжээ.