Оюу толгойн орд газраас 17 жилийн дараа 3 их наядын ногдол ашиг авах албан бичиг Засгийн газарт ирж, 2027 оны төсвийн тодотголд уг санхүүжилтийг суулгаж баталсны дараа мөнгийг иргэдийн “Хуримтлалын сан”-д хийх үү, бэлнээр тараах уу гэдэг асуулт гарч буй.
Засгийн газраас явуулсан санал асуулгад иргэд “Хуримтлалын сан”-даа хийнэ гэх хүсэлт өгсөн бол зарим нэр бүхий гишүүдийн гаргасан Оюу толгойн ногдол ашгийг хувь дансандаа авах тухай тогтоолын төсөлд цахимаар гарын үсэг зурсан иргэдийн тоо мөн 100 мянга даваад байгаа юм. Тиймээс уг асуудлаар өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд байр сууриа нэгтгэжээ.
Энэ асуудлаар МАН-ын бүлэг ямар байр суурь баримталж буй талаар тус бүлгийн дарга Ж.Батжаргал хэлэхдээ “Ирээдүйн өв сан, Үндэсний баялгийн сангийн асуудлыг хөндөж байх үед энэ бодлогыг авч явсан, хэлэлцүүлсэн гишүүд, мөн энэ асуудлаар байр сууриа илэрхийлдэг гишүүд оролцоод санал дүгнэлтээ нэгтгээд бүлэгт дахин танилцуулах чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, иргэдийн хувь дансанд шилжүүлэх эсэх асуудлаар манай намын бүлэг ажлын хэсэг байгуулсан” гэх мэдээлэл өглөө.
