Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хууль болон Чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзэж байгааг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулгадаа дурдав.
Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төр, хувийн хэвшлийн аливаа байгууллага, хуулийн этгээд, хувь хүнтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй аж. Хуралдаанд 14 гишүүн оролцож, 100 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Хуулийн төслийн танилцуулгыг чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү хийх юм байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Халдашгүй байдлын дэд хорооны хуралд орсон бөгөөд хурлыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа удирдаж явуулсан юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАН шийдвэр гаргахгүй бол хувьсгал хийхээс өөр аргагүй. Намыг татан буулгах уу, эвсэл төрийн эргэлт хийдэг юм уу. Хоёр фракцийн зодоон хосгүй шударга тэмцэл болоод байна. Уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг чөлөөлөх гээд байгаа юм уу эсвэл огцруулах гээд байгаа юм уу. Хуулийн төслийг өргөн барих болсон үндэслэл шалтгааныг тодруулж өгөөч. Цаашид УИХ-ын гишүүд чуулганыг гацаагаад байх юм бол энэ хуулийн заалтаар даргыг нь солиод байх юм уу.
ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч зүгээр байж байгаад энэ хуулийг санаачлаагүй. Хууль тогтоох дээд байгууллагын ажил нь гацаад байгаа учраас л энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Огцруулах хуулийн төсөл биш, чөлөөлөгдөнө гэж хуульд тусгасан. Хуулийн төслийг хэрхэхийг УИХ шийднэ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: МАН-ынхан бие биенийхээ дээр гарахын төлөөх дайралтдаа бүгд вакумлагдсан. Ийм дээрээ тулсан юм чинь бүгдээрээ таръя. Энэ төрөөс бүгдээрээ явбал яасан юм бэ. Монголын төрийн дархлаа руу ингэж дайрч байхаар. УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах нь зөв. Энэ хуулийн төсөл батлагдах байх. Олонхи өргөн барих ёстой гэж бодсон бол батлаад явах байлгүй дээ. Эрх мэдэл бол мөнхийн юм биш шүү дээ. Хуулийн төслийг батлахдаа ядахдаа 3/2-оор огцруулдаг заалт оруулаарай. Зургаан сар тутам УИХ-ын даргыг огцруулаад байдаг жишиг рүү орох эрсдэл гарах вий. Парламентыг өөрийг нь тогтворгүй байдал руу аваачих вий.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль түр зуурын өвчин намдаах эм. Системийн жижигхэн гажуудлыг засах гэж оролдож байгаа нэг л арга юм. Төрийн гацаа энэ жил үүссэн юм биш. 28 жилийн эмх замбараагүй байдлаас, хулгай, худал хуурмагаас болж төр гацсан байна. УИХ тараад, тараахаасаа өмнө гол гол хуулиа өөрчлөөд чаддаг хүмүүст халаагаа өгөх цаг болсон. Төрд шургалсан хүмүүс хулгай хийгээд байгаа болохоор Монголын төр гацаад байна. Эрдэнэт, Цагаан суваргыг хулгайлсан хүмүүс энд сууж байгаа болохоор Монголын төр гацаад байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Удахгүй бүх зүйл ил тод болно. Ямар зүйл дээр хэн ямар байр суурь илэрхийлж байсан нь ил болох байх аа. Нийгэм өөр болж байна. Парламентын дархлаа чухал. Бид заавал ийм хууль гаргахгүй байж болно. Энэ хууль батлагдахаас өмнө М.Энхболд дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгчихмөөр байгаа юм. Парламентын дархлаа, төрт ёсоо бодоод ажлаа өгнө гэж найдаж байна. Өнгөрсөн наадмаас эхлээд өнөөдрийг хүртэл явж байгаа асуудал. Бичиг өгөөд яваад л байлаа. Парламент тарах ёстой, нэг хүн ажлаа өгөх ёсгүй гэж яриад сууж болохгүй. Нэг даргыг хамгаалж, нэг парламент тарах хэмжээний увайгүй улс төр байж болохгүй. Их хурлын тамгын газар нэг хүний ажлын аппарат биш шүү. Нэг мандат үгүй гэхэд, 40 мандат өгөх ёстой гэж байхад нэг хүнийг хамгаалж байр суурь илэрхийлээд байх юм.
Б.Наранхүү: Өмнөх дөрвөн жил, сүүлийн хоёр жилд бид зодолдлоо. Парламентын даргаас болж одоо зодоон хоёр дахин ихэснэ шүү. Нэг хүнийг сольчихвол болчихно гэсэн улс төр байж болохгүй. Утаа, агаарын бохирдлоо бид ярихгүй байна. Нэг нэгийгээ гүтгэж доромжилж, үнэн худлыг нь мэдэхгүй зүйлээр дайрч байна. Ардын намын энэ зодоон эцэст нь юунд хүргэх вэ. Хүнийг гүтгэх болохоор шүүх хамаагүй болчихдог. 2020 оноос хойш парламент байх юм уу, байхгүй юм уу.
М.Энхболд: Над руу дайрч давшлах зүйл хэрээс хэтэрлээ. Бүр гэр бүл рүү минь хүртэл дайрч байна. Гэхдээ идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг юм шүү. Аливаа төр улсын ажил хуулийн хүрээнд явагдах ёстой. УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж байна. Уг шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгч дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтээр УИХ-ын даргыг огцруулах хуулийн дагуух таван үндэслэлд нийцэхгүй байна гэж гарсан. Хуулийн дагуух шаардлага биш болохоор өнөөдөр Ерөнхийлөгч ийм хууль өргөн барьж байна гэж ойлгож байгаа. Хууль хяналтын байгууллагыг нэг хүн удирдаж байгаа мэтээр ор үндэсгүй гүтгэлэг гарч эхэллээ. УЕП өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хуульзүйн байнгын хороонд мэдээлэл хийсэн. Тэнд гишүүд асуулт асуусан. Хараа хяналттай байна уу гэдгийг ойлгосон байх. Ямар нэгэн даргыг би санаачилж, томилсон зүйл байхгүй. Уул уурхайн салбар сая хөндөгдлөө. Би 2007 онд 49 орд газрыг стратегийн орд газар болгоё гэж би оруулж байсан. Гэсэн ч 15-ыг нь аваад бусдыг нь аваагүй. “Эрдэнэт” үйлдвэрийн талаар би хоёр удаа ажлын хэсэг байгуулах чиглэл өгч байсан. Ажлын хэсэг ажлаа хийгээд явж байгаа. УИХ-ын даргын хувьд дараад байгаа асуудал байхгүй. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг би дэмжиж байгаа. Жагсаал цуглаан хийж яваад байгаа Л.Болд гишүүнд хүртэл би “Бодь” цамхаг баригдсан газрыг өгч байсан. Газар зарсан асуудал надад байхгүй. Тэрийгээ цагдаа, тагнуулаар шалгуул. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд би ажлаа хийсэн.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Энэ төслийг чуулганаар заавал оруулах ёстой гэж бодож байгаа. 76 гишүүн хуулийн төсөл дээр ямар санаа оноотой байдгийг сонсох ёстой юм. өөрсдөө ард түмэнд нээлттэй байр сууриа илэрхийлэх ёстой. Нэлээд хэдэн жилийн дараа парламентын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөнө. Энэ улс орон хаашаа эргэхийг хэн ч таашгүй. Төрийн институцийн хөдөлгөөн Монгол Улсад ашигтай байсан уу, ашиггүй байсан уу гэдгийг тодорхойлоход энэ хуралдааны протокол чухал юм. Хуулийн төслийг би дэмжинэ. Төрийн дархлааны асуудлыг ярихад Ардын намаас хүсмээр байна. Та нар 65-уулаа үнэмлэхүй олонхи болсон. Ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаална гэсэн. Танай намын зовлон Монголын ард түмний зовлон болж хувирсан. Их хурлын дарга байлгах үгүй нь танай намын дотоод асуудал. Дотооддоо асуудлаа яагаад шийдэж чадахгүй байна вэ. Парламент дотор орж ирээд хэрүүл өдөөгөөд байх юм. 60 тэрбумын схем ч танай намын асуудал шүү. Битгий төрийн зовлон болгоод бай. Нийт судалгааны байгууллагын дүнг харахад УИХ тарах нь зүйтэй гэдэг санал 80 хувь руу оччихлоо. 80 хувийн унасан рейтингтэй УИХ яаж ажиллах юм бэ. Их хурлын дарга үүнийг ойлгоосой. Таны нэр хүнд ч адилхан унаж байгаа. Ардчилсан Монгол Улсыг авч үлдээч гэж та нараас гуйя. Ардчилсан парламентаа байлгах тухай шийдлээ зөв хийгээч гэж хүсье.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Хөгжлийг хувийнхан хийдэг юм. Харин төр хийдэггүй юм. Баялаг бүтээгчдээ бид өөр өнцгөөс харж дэмжих ёстой байх. Хулгай луйвар хийвэл түүнтэй нь тэмцэх ёстой юм. Бид өөрсдөө томилсон хүмүүсээ элдэв долоон өнгөөр дуудаж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр М.Энхболдын найз учраас дэмжчихлээ гэж хэн ч эсэргүүцээгүй биз дээ. М.Энхболд гэж хүнийг өөр дэвслэх зүйл үлдээгүй шүү. Намайг бөгс долоогч, хужаа гэх мэтээр баахан бичиж байгаа байх. Энэ хүнтэй хэн нөхөрлөж явсныг би мэдэж байна. Одоо харин юу ярьж явааг би мэдэж байна. Тэр хүмүүс нь чи зайлчихвал төр цэвэршинэ гэж яриад байгааг дэмжихгүй байгаа.