Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулганаар ЗХЖШ-ын дарга, АТГ-ын дарга, дэд дарга нарын асуудлыг хэлэлцэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн албан тушаалын хугацаа дууссан.
ЗХЖШ-ын даргад А.Ганбат, АТГ-ын удирдлагуудад Д.Даваа-Очир, Ж.Батсайхан гэдэг хоёр хүнийг нэр дэвшүүлж, УИХ-д оруулсан байгаа. Энэ асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг УИХ-ын даргаас хүссэн байгаа.
Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд дууссан. Түүний оронд өөр нэг прокурорын нэрийг дэвшүүлж өргөн барина. Энэ гурван асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэсэн хариуг УИХ-ын Тамгын газраас илрүүлсэн” гэв.
Мөн тэрбээр "Түрүүчийн долоо хоногийн хоёр дахь өдөр ҮАБЗ хуралдаж эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Зөвлөмж нь нууц байдаг учраас би дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялагт ард түмний өмч, 6.2-т төр менежментийг нь авч явна гэсэн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авна гэсэн утгатай зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хийж байгаа арга хэмжээ сүүлийн өдрүүдэд болсон. ҮАБЗ-д зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох асуудлыг бичээгүй. Ерөнхийдөө эдийн засгийн хувьд аюул учирч байгаа үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож болохыг зөвлөсөн. Энэ хүрээнд тодорхой хуулиудыг шинээр батлахыг зөвлөсөн" гэв.