ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүхийн Засгийн газрын тоолуур гүйснээс хойш 714 хоног өнгөрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-03

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны аравдугаар сарын 19-ны өдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар албан ёсоор байгуулагдаж, “бяртай” Засгийн газрын тоолуур гүйж эхэлсэн байдаг юм. Тэр өдрөөс эхлэн тоолвол 714 хоног өнгөрчээ. У.Хүрэлсүх сайд энэ хугацаанд Засгийн газрын тэргүүний хувиар зоригтой шийдвэр олныг гаргасан. Заримдаа хэн нэгний, хэсэг бүлгийн дургүйг ч хүргэж байсан нь худлаа биш. Гэвч дийлэнх олонхи шийдвэр нь нийтийн эрх ашгийн төлөө байсныг ч үгүйсгэмгүй. Уул уурхайд хэтэрхий хатуурхсан, хувийн компаниудаа үл тоомсорлосон зарим “тэнэг” шийдвэр нь нийт нийгмийн гэхээс илүү нэг хэсгийн дургүйцлийг хүргэсэн учраас бангадуулах үе ч бишгүй байв. Сэтгэл хөөрлөөр шийдчихэв үү дээ гэж сэтгэл зовмоор, шийдэж чадахгүй үлдээх вий гэж өмнөөс нь халгамаар шийдвэр олныг гаргасан ч үр дүнг нь заавал үзнэ, эцсийг нь харна аа гэсэн муйхар зориг нь түүнийг энэ хүртэл хөтөлжээ.

“Би Төрийн ордны хананд зүгээр л зургаа өлгүүлсэн сайд байхыг хүсэхгүй байна” хэмээн итгэл төгс ёслон хэлсэн үгэндээ хүрэх гэж төдийгөөс өдийг хүртэл зүтгэж явна. Танхим дотроос нь хариуцлага алдсан сайд бишгүй л гарч ирлээ. Тэр бүхэнд Ерөнхий сайд шиг зарчимтай хандан хариуцлага тооцож, хатуу зогсож байв. Төгс шийдвэр гэж хэзээ ч байдаггүй учраас гаргасан шийдвэр бүхэн нь нийгмийг талцуулж, сайн муугийн туухай дээр дэнслүүлж байлаа. Гэхдээ л тусгаар улсын Ерөнхий сайд шиг асуудалд хандаж чадсан учраас Засгийн газраа тонгоруулчихгүй хоёр жилийг үджээ. Нэр нүүрээ барчихгүй энэ хэмжээнд танхимаа чиглүүлж явсан сайд Н.Алтанхуягаас өмнө, хойно тийм ч олон байгаагүй юм. Үлдсэн найман сарын хугацаанд гаргасан бүх шийдвэрээ ажил хэрэг болгох том ажил нуруун дээр нь ирсэн учраас өдөр бүхэн л хөдөө орон нутгаар тэнэж өөрийн гаргасан шийдвэрээ хөрсөнд хэрхэн буусныг шалгах ажилтай яваа. Илүү олныг нуршихгүйгээр түүний тэргүүлж буй Засгийн газрын өнгөрсөн хоёр жилийн алдаа, оноог дэнслэе. 

 

Алдаа

• “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг гаргаж, “Стандарт” банкны өрийг дарах шийдвэр гаргав. Энэ нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн бөгөөд нэг луйварчны өрийг дарсан энэ шийдвэр нь буруу гэж үзсэн юм. 
• Өмнөговь аймгийн Гурвантэс, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан олон компанийн лицензийг цуцлах шийдвэр нь сайн гэхээс илүү саар үр дагавар олныг дагуулав. Тус орд газрууд эзэнгүйдсэн учраас нинжа нар дураар дургиж эхэлсэн юм. 
• “Бороо Гоулд” зэрэг том компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалснаар уул уурхайн салбарт 12000 хүн ажилгүй болсон юм. Мөн хөрөнгө оруулагчид нүүрээ буруулж эхэлсэн бөгөөд уул уурхайг дагасан хөрөнгө оруулалт ч буурч ирсэн юм. 
• Ажлаа авсан даруйдаа сахилга, хариуцлагыг чангатгаж, төрийн албан хаагчдыг улстөржилтөөс ангид байлгана хэмээсэн ч Зам тээвэр, хөгжлийн яаманд төрийн албан хаагч ажлын байран дээрээ бусдад зодуулан амиа алдсан. Архидан согтуурсан албан хаагчдын энэ үйлдэл түүний Засгийн газрын алдаа болж харагдсан юм. 
• Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд болон түүний фракцид хамааралтай хэд хэдэн гишүүн зээл авсан дуулиан дэгдсэн. Улмаар, өөрийнх нь танхимд ажиллаж байсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцсон ч ЖДҮ-гийн асуудлаас үүдэн түүнийг огцруулах асуудлыг хөндөж байлаа. 
• Үндэсний номын сан, Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр зэрэг түүхэн дурсгалт барилгуудыг шинээр барих шийдвэр нь нийгмийн сүлжээг талцуулаад буй. Учир нь Монгол Улсын түүхийг харуулах, өв соёлын дурсгалт бүтээлүүдийг шууд нураах бус сэргээн засварлах, эсвэл өөр газар шинээр барьж, эдгээр барилгуудыг музей байдлаар ашиглах ёстой гэж олон нийт болон эрдэмтэд үзэж эсэргүүцэл илэрхийлж байгаа. 
• Цэргийн нэгдсэн холбоо гэгчийг байгуулж, тэргүүнээр нь сонгогдсон нь олон нийтээс шүүмжлэл сонсоод буй. Гүйцэтгэх засаглалын тэргүүн атлаа цэргийн холбоо тэргүүлж буй нь зохисгүй үйлдэл гэж үзжээ. 

 

Амжилт 

• БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 300 сая ам.долларын өртөг бүхий “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
• Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс энэ оны тавдугаар сарын 01-нээс нийслэл хот руу түүхий нүүрс оруулахыг хориглов. 
• ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргав. 
• “Чингис” бондын 500 сая ам.долларын эхний өрийг төлж барагдуулсан. 
• Монгол Улс хар жагсаалтаас гарав. 
• БНСУ-д айлчлал хийхдээ 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ зээлээр “Солонго-1, 2” түрээсийн орон сууц барихаар болов. 
• Энэтхэг улсын санхүүжилтээр Газрын тосны үйлдвэр барих ажил үргэлжилж байна. Санхүүжилтийг бүрэн шийдсэн бөгөөд ирэх долоо хоногт Алтанширээ суманд ажиллах гэж байна. 
• Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ онд ашиглалтад оруулах байсан ч амжаагүй юм. 
• Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгож байгаа. Мөн хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд мөнгө олгох шийдвэр ч хэрэгжиж эхэлнэ. Хүүхдийн мөнгийг арилжааны банкуудаар дамжуулахгүй. 
• Налайх-Чойрын уулзвар хүртэл 20.9 км автозамын ажлыг эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сарын 01-нд ашиглалтад орохоор болов. 
• Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Дундговь, Улаанбаатар хотод баригдаж байсан түрээсийн орон сууцыг үргэлжлүүлэн барих хөрөнгийг шийдвэрлэж, ашиглалтад оруулжээ.  
• “Эрдэнэс Тавантолгой” компанийн өрийг бүрэн барагдуулж, тус компаний хэвийн үйл ажиллагааг хангаж эхэлсэн. Мөн олон улсын хөрөнгийн биржид IPO гаргах ажил амжилттай үргэлжилж байна. 
• Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 250 км автозамын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан. 
• Орон сууцны хөнгөлөлттэй зээл буюу ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлж, жилд 500 тэрбумыг зарцуулж эхэлжээ. 
• Баруун аймгууд руу зорчих нислэгийн тасалбарын үнийг бууруулсан. 
• “Эрдэнэт” үйлдвэрт онц дэглэм тогтоож, тухайн үед үйлдвэрийн 49 хувийг шилжүүлж байсан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг улсын нууцаас гаргалаа. 
• Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгжүүдийг нийтэд зарлаж, тэднээр өрийг нь төлүүлэхээр болов. Мөн Хөгжлийн банкийг зөвхөн том төсөл хөтөлбөр санхүүжүүлэх статустай болгожээ. 
• Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм.
• Засгийн газар, АНУ хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлав. Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авна. 
• Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцсан асуудалтай тэмцэнэ гэж мэдэгдсэн. Улмаар энэ хэрэг шүүхийн шатанд шилжиж, өнөөдөр шүүх хурал нь болох аж. 
• Төсвийн орлого нэмэгдэж, Засгийн газар анх удаа төсөвт тодотгол хийхгүйгээр 2019 оныг давжээ. Мөн эдийн засгийн өсөлт эрчимтэй нэмэгдсэн. 
• Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авсан. 
• Улаанбаатар-Дархан-Алтанбулаг, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэв.
• 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлав. 
• Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал, шинэ хурдны зам, Үндэсний оношилгоо эмчилгээний төв зэрэг томоохон бүтээн байгуулалтууд түүнийг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж буй энэ цагт ашиглалтад орлоо. 
• Тавантолгой-Гашуунсухайт чиг­лэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар болов. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. 
• Үндэсний хэмжээнд асуудал үүсгэж буй сүрьеэ, тэмбүү өвчинтэй тэмцэхэд хөрөнгө мөнгө шийдвэрлэв. 
• Багануур, Хэнтий, Хөвсгөл зэргээр жилдээ нэг удаа 21 аймгаар тойрч олон асуудлыг шийдэв. Тэр дундаа аймаг орон нутагт тулгамдаж буй сургууль, цэцэрлэг, эрчим хүчний хэрэглээ гэх мэт олон асуудлыг газар дээр нь шийджээ.