ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН бүлэг: УИХ-ын дарга нь улс төрийн намын дарга байж болохгүй

O.Admin
2 цагийн өмнө

АН-ын бүлгийн хурлаас УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилснаа мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга нь улс төрийн намын дарга байж болохгүй гэсэн ганц заалтыг тус хуулийн өөрчлөлтөд багтжээ.

О.Цогтгэрэл “УИХ-ын дарга нь аль нэг намын дарга байтугай намын гишүүн байж болохгүй буюу түдгэлздэг байх олон улсын жишиг байдаг юм билээ. Энэ жишгээр хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. УИХ бол зөвшилцөл, ойлголцлын танхим. Тэнд аль нэг намын дарга суух нь парламентад ёсны бэхжилтэд зөв зохистой асуудал биш” гэв

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ “Сүүлийн сар гаруйн хугацаанд өрнөсөн үйл явцыг та бүхэн харсан байх. Энд татагдаж ороогүй төрийн байгууллага байгаагүй. Намуудын талцал хуваагдал, улс төрийн өрсөлдөөн, албан тушаалын зодоон хэрээс хэтэрсэн. Энэ зөрчил дотор хамгийн их хохирол амссан институци нь парламент байсан. Энэ үйл явдлыг ажиглаж харахад дэлхий дахинд ч мөн өрнөж байсан юм билээ.

Тиймээс олон улс орнууд сургамж аваад парламентын даргаа нам бус байлгадаг жишигтэй. Нэг намын хурал болгохгүй, намын дарга таанц эргэдэг, бүжиглэдэг талбар болгохгүйн тулд дэлхий нийтээр олж авсан туршлагаар явсан. Төв гол байр суурин дээрээс тэр хүн ажлаа хийхийн тулд нам бус байх ёстой. Ингэснээр УИХ-ын дархлаа сайжирч, улс орны төлөө ажилладаг зарчимтай.

Намын дарга парламентын толгой дээр гарч суудаг бус харин намуудыг эрүүл мэтгэлцээнд дууддаг, төвийг сахигч улстөрч байх ёстой энэ хуулийг санаачиллаа. Олон улсын туршлага нь тэр юм. Олон улсын түвшний албан тушаалыг хавсрахаас бус парламентын спикер дотоодод ямар нэг албан тушаал эрхэлж болохгүй байх ёстой юм байна гэдэг зарчмын дагуу хууль өргөн барих юм. Бүлгээс дэмжлэг авчихлаа. УИХ нь улс төр дагаж савладаг байхгүйн тулд энийг өөрчлөх ёстой. Ямар нэг асуудал болоход сургамж аваад сургамжаасаа шийдэл эрэх ёстой. Дахиад энэ зөрчлийг гаргахгүйн тулд бүрэн эрхт байдлаа хангах ёстой” гэлээ.