ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тэгж амлав, ингэж хэрэгжүүлэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-03

“Аз жаргалтай” Улаанбаатар хотод хамгийн аз жаргалгүй хүмүүс нь иргэд болж, харин татвар нэмж, хуулиар сүрдүүлсэн дарга нар нь хамгийн жаргалтай хүмүүс болон хувирчихаад байгаа. Сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд УИХ-д суугаа улстөрчид нь татвар нэмж, даатгалаар “багалзуурдаж” иргэддээ бэлэг барьчихаад тэврэлдэн “үнсэлцэж”, Их тэнгэрт найрлаж байсан түүх нь цоо шинээрээ байгаа.

Гэтэл ядарсан иргэдийнхээ халааснаас дахин мөнгө авах шийдвэр гаргасан НИТХ-ын төлөөлөгчид нь шат шатанд татвар нэмчихлээ хэмээн баярлацгааж, тэврэлдэн хөөрцөглөж байх ажээ. Ядарсан ард түмнээ ёстой тултал нь доромжлох гэдэг л энэ биз ээ. Энхийн цагаан тагтаа нисгэн байж өгч байсан амлалт нь өнгөрсөн дөрвөн жилд салхинд хийсэн одож, нэмсэн, хорьсон, барьсан, цагдсан мэдээллүүд л ар араасаа гарлаа.

Ус, дулаан, цахилгаан, шатахуун, татвар, НДШ, автомашины татвар гээд ар араасаа олон олон нэмэгдлүүд л Ардын намыг сонгосны бэлэг болж, бидэнд иржээ. Илүү олныг нуршаад яахав. 2016 оны амлалт нь бодит амьдралд хэрхэн хэрэгжсэнийг цөөн хэдхэн жишээгээр л танд хүргэе. Харин энэ бүхний дараа 2020 онд ямар сонголт хийхээ эргэж нэг бодож үзнэ биз ээ. 

Ардын намынхан том байна. Ард түмний тархийг сэнсрүүлж, ахиад эрх баригч болно гэж итгэсэн учраас аархаж байна, тэд. Сонгуулийн мөнгөө босгох бүх нүх сүвийг эрэлхийлж, ядарсан хэдэн монголчуудынхаа бүсийг тултал нь чангалж байх ажээ. Харин энэ бүхнийх нь дараа доромжлуулсаар, дээрэлхүүлсээр л байх уу, хэдүүлээ.   

Амлалт өгөхдөө...

Амьдрал дээр хэрэгжүүлэхдээ...

-Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно 

-2017 онд нийт хүүхдийн 60 хувьд олгож байв. Улмаар, 2018 онд энэ тоог нэмэгдүүлж нийт хүүхдийн 80 хувьд хэмээсэн ч амьжиргаа тогтоох судалгаанаас үүдэн хэрэгжүүлж чадаагүй. 2019 оны зургадугаар сард хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд олгох Засгийн газрын журам гарсан ч мөн л судалгаанд хамруулах шалгуураа арилгаагүй учраас нийт хүүхдийн 50-иас илүү хувь нь авсан. 2019 оны арваннэгдүгээр сард “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно” хэмээн хуульчлав. 

-Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана 

-Арилжааны банкууд хүүг бууруулах боломжгүй хэмээн мэдэгдсээр байгаа. Мөн 2018 оноос эхлэн хэрэглээний зээлийн хугацааг 34-40 сар байсныг 30 сар болгож хязгаарлав. 

--Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулна  

-Шатахууны үнэ хоёр жилийн хугацаанд 250 төгрөгөөр үе шаттай нэмэгдэж, 1940 төгрөгт хүрсэн ч эргээд буухдаа 1840 гэсэн үнэд тогтсон билээ. 

-Татвар нэмэхгүй. Шинэ төрлийн татвар бий болгохгүй 

  1. Автозам ашигласны татварыг өчигдрөөс эхлэн тав дахин нэмлээ. /Автозам ашигласны төлбөр гэж жилдээ 20 мянган төгрөг өгдөг байсан бол 100 мянга болсон/ 
  2. Тамхи согтууруулах ундааны татварыг 2018 оноос 10, 2019 оноос тав, 2020 оноос таван хувиар тус тус нэмнэ. Импортын тамхины татвар 30 хувиар нэмэгдсэн. 
  3. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн уул уурхайн лицензээ бусдад худалдсан хуулийн этгээдээс шинэ төрлийн  татвар авч эхэлсэн. 
  4. 2017 оны тавдугаар сарын 1-нээс автомашины насжилтаас хамаарч 3-15 хувиар татвар нэмэгдсэн. Ингэхдээ моторын баг­таамж нь 4501см/кубээс илүү байгаа нөхцөлд насжил­таас нь хамаарч 40-250 хувийн татвар ногдуулахаар болсон. 
  5. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс газар эзэмших тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, шилжүүлэхэд шинэ төрлийн татвар авч эхлэв.

-Татварын таатай орчин бий болгоно.

-Татварын шинэ хуулиар “Х” тайлан өгдөг аж ахуйн нэгжүүд бүгд татвар төлдөг болов. Жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон 320 мянган төгрөг төлнө. Улирал тутамд 80 мянган төгрөгийн татвар төлнө гэсэн үг. Монгол Улсын хэмжээнд 192 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг.

-ХХОАТ-ын хөнгө­лөл­тийг хөдөл­мөрийн хөлс­ний доод хэм­жээ­тэй уялдуулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ. 

-Сарын 1.5 сая хүртэл орлоготой иргэд 10 хувь, 1.5 саяас дээш орлоготой бол 15 хувь, 2.5 саяас дээш орлоготой бол 20 хувь, 3.5 саяас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлнө. Иргэд орлогоосоо хамаарч 10-25 хувийн татвар төлнө. 

-Нийгмийн даат­галын салбарт хувийн хэвшлийн орол­цоог хангана.

-УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк дампуурснаар Тэтгэврийн даатгалын сан 360 гаруй тэрбум төгрөг алджээ. Сангийн 600 тэрбумыг алдагдлыг нөхөхөөр ÍÄ-ûí шимтгэлийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг хувиар нэмсэн. Түүнчлэн, НДШ-ийг 2019 онд 0.5, 2020 онд нэг хувиар тус тус нэмлээ. 

-Эдийн засгийн хямралаас гарна. Банк санхүүгийн салбарын хүндрэлийг арилгана. 

-Монгол Улс Европын холбооны “Хар жагсаалт”-ад ороод гарсан. Тэгвэл энэ удаа Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-ын саарал жагсаалтад оров. Энд орсон гол шалгуур нь арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн санхүүгийн эх үүсвэрээ нотолж чадаагүй нь нөлөөлжээ. Мөн нэг банк дампуурч, хэд хэдэн банк активын чанарын үнэлгээнд доогуур үнэлгээ авñàí.

- Төсвийн үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлнэ.

-2020 оны улсын төсвийг 1.9 их наядын алдагдалтай батлав. 

-Бизнес дэх дарамт шахалтыг багасгаж, тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин бууруулна.

-АМНАТ-ийг аж ахуйн нэгжүүдээс шат дамжлага бүрт авч байсныг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа хүчингүй болгов. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалыг хүний нутаг руу гаргавал татваргүй, Монголын нутагт ашиглавал олборлогчид таван хувийн АМНАТ төлж байлаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 100 гаруй дотоодын үйлдвэр хаагджээ. 

-Дулаан цахилгааны үнийг тогтвортой байлгаж, цаашид үе шаттай бууруулна. 

-Цахилгааны үнэд дунджаар 16 орчим хувийн өөрчлөлт орсон.  Улсын дунджаар нэг айл  өрх 220 квт цахилгаан хэрэглэдэг. Мөнгөн  дүнгээр тооцоход 30 гаруй мянган төгрөг төлдөг гэсэн үг. Үүнийг 16 хувийн нэмэгдэлтэй нь тооцвол 4000 орчим төгрөгийн өсөлт гарчээ. 

-Хашаандаа амины сууц барьсан айлыг ипо­текийн зээлд хам­руулна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлнэ. 

-Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 500 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавьсан ч хүртээмж хумигдсан. Энэ оны долдугаар сарын байдлаар банкууд 741 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буурчээ.

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хориглоно. 

-Үндсэн хуульдаа УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын сайдаар ажиллах ёстой хэмээн хуульчилж өглөө. 

-40 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад оруулна. 

-“Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууц л ашиглалтад орсон ч талаас илүү хувийг нь оруулаагүй байгаа. Зах зээлд 30 мянга гаруй борлуулагдаагүй барилга бий болжээ. 

-Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоо­хон ком­паниудын үр аш­гийг иргэн бүрт хүртээмж­­тэй болгоно. 

-Оюутолгой төслийн “Далд уурхайн санхүүжилтийг эхлүүлэх төлөвлөгөө” буюу Дубайн гэрээг хүчингүй болголоо. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт онц дэглэм тогтоож, иргэн бүхэнд хувь эзэмшүүлэх шийдвэр нь өнөө хэр хэрэгжсэнгүй. 

-Мах махан бүтээгдэхүүний экспортыг дэм­жих, жилд экспорт­лох хэм­жээг 50 мянган тоннд хүргэнэ.

-2020 оны зургадугаар сар хүртэл махны экспортыг гурван төрөл дээр зогсоожээ. 

-Хувийн хэвшлээ бүх талаар дэмжиж, ЖДҮ болон өрхийн бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. 

-УИХ-ын нэр бүхий 40 гаруй гишүүн ЖДҮХС-гаас 950 саяас тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан асуудал үүсч, үүнээс 10 гаруй нь баримтаар нотлогдсон. Өдгөө таван гишүүний бүрэн эрхийн асуудал яригдаж байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан шинэ төрлийн хэрэг нэмэгдлээ. 

-Хөрөнгө оруу­лал­тын алдар­сан ит­гэлийг дахин сэр­гээж, хөрөнгө оруу­лалтын урсгалыг буцаан татна.

-2019 оны байдлаар шинээр хөрөнгө оруулалт нэмэгдээгүй бөгөөд уул уурхайн хэд хэдэн том лицензийг цуцалснаар 2000 гаруй хүн ажлын байраа алджээ.