УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг нь ярилцав. Тус хуулийн төсөлд том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан юм. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах бол 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдохоор тусгасан билээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сонгуулиар жагсаалтад орсон 26 нэр дэвшигчийн саналыг намд нь өгсөн. Энэ хэзээ, хэрэгжсэн систем бэ. Өмнөх туршлага байна уу. Хар машин жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг тоолж чадах уу. Нэг сонгогч жагсаалтын нэр дэвшигчээс зөвхөн нэгийг сонгоно гэж байгаа. Үүний оронд 26 хүртэл хүнийг дугуйлж болдоггүй юм уу” гэсэн асуултад Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан “Ялсан нам өөртөө зохицуулж боловсруулсан сонгуулийн тогтолцоо биш, хөгжлийн бодлогод тааруулж оруулсан ийм тогтолцоо.
Мажоритар тогтолцоо нь дотроо таван хэлбэртэй. Улс нэг тойрог, бүс нэг тойрог, аймаг нэг тойрог, жижиг 76 тойрог, хамгийн сүүлийнх нь бидний өргөн барьсан хувилбар. Хэлэлцүүлгийн явцад дээрх таван хувилбараас сонгож болно. Онолын хувьд сонгогч 26 хүний нэрийг дугуйлж болно. Ойлгомжтой байлгах үүднээс том тойрогт өрсөлдөж байгаа хүмүүсээс нэгийг л дугуйлна. Хүнд өгсөн нийт саналыг хувь тэнцүүлэн намд суудал өгнө” гэж хариулав. Мөн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Бид туршилтын саналын хуудас хийж үзсэн. Хар машин саналын хуудсыг тоолох боломжтой. Жижиг тойрог болон улс тойрог гэдэг хувилбараар сонгууль явуулахад саналын хуудасны тоо нэмэгдэнэ. Туршилтын саналын хуудасны тоо дөрөв болсон. Жагсаалтын 26 нь гурван хуудас, тойрогт нэр дэвшигчид нь нэг хуудас болсон. Гэхдээ зардал нэмэгдэнэ. Учир нь төсөвт нэг саналын хуудсаар тооцсон” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “29 намаас 26 нь саналаа ирүүлсэн. Өмнөх сонгуулиудын сургамжийг ярилаа. Ажлын хэсэг болон хууль санаачлагчид нэлээд сайн ажилласан гэж хөндлөнгөөс дүгнэж байна.
Сонгуулийн хуулийг гарцаагүй хагас жилийн өмнө баталдаг уламжлал тогтсон. Энэ удаад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр өмнөх тогтолцоогоор явуулъя гэхэд уншаад заримыг нь ойлгодоггүй. Би Цэцэд хэд хэдэн удаа очлоо. Хуулийг боловсронгуй болгохоос өөр аргагүй юм. Намайг ингэж хэлэхээр хуульд нөлөөлөх нь гэж харддаг” гэв. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үедээ бид яг ийм байдлаар сонгуулийн тогтолцоог томьёолж оруулаад, дэмжилгүй унагаачихсан. Буцаагаад Сонгуулийн тухай хуульдаа дэмжээгүй хувилбараар оруулчихаж байгаа нь Үндсэн хууль зөрчихгүй юу. Намуудыг 26 гишүүнээс гадна бие даагчид нэг тойрогт өрсөлдөнө гэвэл яах вэ гэсэн асуултад Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан “Бие даагчид “Улс нэг тойрог”-т нэр дэвших боломжгүй. Зөвхөн улс төрийн намууд болон эвслүүд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. 50 тойрогт бие даагчид нэр дэвших эрх нь нээлттэй. Бидний санал болгож байгаа 50+26 хувилбар төгс биш ч гэлээ тогтолцоо бүхэн сул болон давуу талтай” гэв.