УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хоёр асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, олонхийн саналаар дамжлээ. Дараа нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцээрийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангахад чиглэнэ.
Мөн хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэнэ. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)-ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас 12.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохирсон. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь” гэлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ундраа “Агаарын бохирдлыг бууруулахын тулд олон талын арга хэмжээг авах шаардлагатай. Гэр хорооллын иргэдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангаснаар агаарын чанарт эергээр нөлөөлнө. Нийтдээ хэчнээн өрхийг халаалтын хэрэгслүүдээр хангаж чадах вэ. Сайжруулсан түлшийг хэрэглэж байгаатай холбоотойгоор нийслэлийн агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан. Гэхдээ дараагийн шатанд утааг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авах вэ” гэсэн асуултад Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр 5.6 сая ам.долларын хүрээнд шөнийн дулааны хуримтлууртай халаалтын хэрэгслийг тодорхой айл өрхүүдэд буюу зорилтот өрхүүдэд олгоно. Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтраад өнгөрсөн жилүүдэд нийт 220 мянган айл өрхийн 42 мянга гаруй өрхөд дулаанаа шийдвэрлэх бололцоог олгосон. Мөн холбогдох байгууллагуудын хүрээнд ногоон зээлийн эх үүсвэр олгох боломжийг эрэлхийлж байгаа. 5000 хүртэлх зорилтод айл өрхөд үйлчилнэ” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Цэвэр агаарын төслийн хүрээнд их хөрөнгө зарцуулсан. Би Баянгол дүүргийн гэр хорооллоос сонгогдсон. Баянхошуу, Толгойтоор явахад маш их утаатай байна. 5000 айлын янданг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах юм байна. Нам даралтын зуухнуудыг одоо хүртэл шийдэж чадаагүй юм уу. 5000 яндан гэдэгт ямар айлын яндангууд орох юм бэ. Гэрт байдаг төмөр яндангууд юм уу, эсвэл шавар байшингийн янданг яриад байна уу. Би сайн ойлгохгүй байна” гэлээ. Түүний асуултад Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “2012-2016 онуудад нийт 13.5 сая ам.доллароос нийт 10.7 сая ам.долларыг зарцуулсан байдаг. 2016-2019 онуудад 2.8 сая ам.долларын үлдэгдлийг санхүүжүүлж дууссан. 5000 айлын тухайд гэр хорооллын зорилтот бүлгийн айл өрхүүд хамрагдана. Халаалтын зуух бол агаар бохирдуулагчийн томоохон хэсэг. Эрчим хүчний дулааны систем Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хамгийн анхны жишиг болгож дэд бүтцийн төвийг байгуулсан” гэв.