Монгол Ардын намын онлайнаар хуралдсан Бага хурлыг удирдсан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “МАН өнгөрсөн дөрвөн жилд мөрийн хөтөлбөрөө 85.3 хувьтай биелүүлж чадлаа. Ирэх дөрвөн жилд ч алсын хараатай, эдийн засгийн тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөр боловсруулсан. Эдийн засгийн эрсдэл зэргээ тооцож үзээд мөрөөдлийн жагсаалт бус тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөр боловсруулж чадлаа” хэмээжээ. Онлайнаар хэлэлцсэн мөрийн хөтөлбөрийг нэгбүрчлэн унших боломж хараахан бүрдээгүй. Учир нь улс төрийн намууд дөнгөж өчигдөрхөн л Үндэсний аудитын газарт хянуулахаар өгч байгаа билээ. Гэвч бодит тооцоо судалгаатай бодлогоор өрсөлдөх гэхээс илүүтэй “мөрөөдлийн жагсаалт”-аар нэг, нэгнийхээ дээр гарах гэж оролдож буй намуудын мөрийн хөтөлбөрийнх нь зарим нэг заалт олон нийтэд ил болжээ. Тухайлбал, МАН-ынхан жилдээ 150.000 тонн мах дэлхийн зах зээлд гаргах, Дарханд аж үйлдвэрийн парк барьснаар 10 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийгмийн даатгал төлдөг иргэн бүрийг хямд үнэтэй орон сууцаар хангана гэв. Тэр ч байтугай зээлийн хүүг нэг хувьд хүргэнэ гэсэн тэнгэрийн амлалтыг ч өгч байх юм, тэд. Эдийн засгийн наад захын тооцоо судалгаатай асуудалд хандаж, эрүүл ухаанаар сэтгэчих болов уу хэмээн бодож байсан улс төрийн нам нь хүртэл өнгөрсөнд үлдсэн, өнөөдөр хийж буй алдаанаасаа суралцаагүй бэлэн мөнгө, популист амлалт өгсөөр байгаа нь харамсалтай.
Харин МАХН-ынхан цалингийн хэмжээг таван сая төгрөгт хүргэнэ, иргэдийг үнэгүй орон сууцанд хамруулна гэж амлалт өгсөн бол шинээр байгуулагдсан “ШИНЭ ЭВСЭЛ”-ийнхэн 30 гэр бүлээс хөрөнгийг нь хураан авч, 30 тэрбумын өрийг дарна гэсэн популист амлалтыг мөрийн хөтөлбөртөө бас тусгажээ. Асуудалд арай эрүүл ухаанаар хандаж буй АН-ын тухайд ч цалин, олж буй орлогын дундаж хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ гэсэн нь мөн л шүүмжлэл дагуулж байна. Гэхдээ иргэдийг хямд орон сууцаар хангана, сургалтын төлбөрийг төрөөс даана гэсэн хэтэрхий хөөсөрсөн амлалтын дэргэд хүн сонсоход арай итгэл үнэмшилтэй дуулдах нь мэдээж байх. Гэсэн ч мөнгөөр амлалт өгч болдог гэсэн ядуу сэтгэхүй улс төрийн намуудаас арилах нь битгий улам бүр том мөнгөн дүнтэй болж өссөн гэдгийг харлаа. Алдаанаасаа суралцаагүй, өмнөхөөсөө өөрчлөгдөхгүй гэдгээ харуулж байна. Ард түмнийг гэнэн, итгэмтгий гэж найдсан хэвээр гэдгээ уралдаж өгсөн эдгээр мөрөөдлийн амлалтуудаараа харуулав. Сонгуулийн хуулиар бэлэн мөнгө амласан, хэт хөөсөрсөн, тооцоо судалгаагүй мөрийн хөтөлбөрийг хүлээж авахгүй байх хуулийн заалттай. Тиймдээ ч эрх барьж байгаа дөрвөн жилдээ иргэдээ орон сууцаар хангаж чадаагүй Ардын намын ирэх дөрвөн жилд цэнгэлийн манлайд хүргэнэ гэсэн тэнгэрийн амлалтыг хянах газар байгаа гэж найдаж сууна. Таван сая төгрөг, үнэгүй байр, гурван сая төгрөгийн бодит орлогын хөөсөрсөн амлалтыг хөрсөнд нь буулгах эрүүл ухаантан төрд байгаа гэж найдъя. Ардын намын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгийнхэн “Бид бодит тооцоо судалгаа, бусад улс орнуудын туршлагад үндэслэж үүнийг боловсруулсан” хэмээн мэдэгдсэн байна билээ.
Тухайлбал, хажууханд байгаа Ховд, Дорноговь болон хаа хол байх Сингапурын хөгжлийн туршлагад үндэслэж, төрөөс зарим төлбөрийг /цемент, газар/ даах замаар м/кв нь бага хэмжээтэй орон сууцаар иргэдээ хангах боломжтой гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Ховд аймаг сайн туршлагыг богино хугацаанд нэвтрүүлж, м/кв нь 600 мянган төгрөг байхаар тооцож, орон сууц барьсан сайн туршлагатай. Үүнийг нь өөрөөр хэрэгжүүлье, эсвэл шууд хуулаад нийслэлд хэрэгжүүлнэ гэвэл санадаг л санаа. Гэсэн ч Ардын нам өнгөрсөн жилүүдэд олонхи бүрдүүлж байгаагүйсэн бол “хийчихэж чадах ч юм билүү” хэмээн хоёр гараа өргөөд дэмжихсэн. Гэтэл 100 жилийн түүхтэй, парламентын засаглал бүрдсэн 30 жилийн 26-д нь засаглах эрх авч, өнгөрсөн дөрвөн жилд бүр УИХ-д 65-уулаа сууж, үнэмлэхүй олонхийн суудал авсан атлаа “Биднийг дахиад сонгочихвол яг хийнэ” гэх үлгэрт нь өнөөдөр хэн итгэх вэ. Хэнийг доромжлоод байна вэ, та бүхэн. Эрх барьсан дөрвөн жилийн хугацаандаа ч зах зээлд борлуулагдахгүй байгаа 40 гаруй мянган орон сууцыг хөдөлгөөнд оруулах, иргэдээ орон сууцжуулах талаар хуруугаа ч хөдөлгөөгүй нам. Ардын нам засагласан жилүүдэд бүтээн байгуулалтууд үндсэндээ царцаж, ипотекийн зээл ч дөнгөж амьтай, голтой төдий явж ирлээ. “Олон улсын валютын сан” гэсэн хадны мангаагаар ард түмнээ айлгаж, хэдхэн том төслүүдийг баруун солгойгүй рекламдсаар энд хүрэв. Зогсоосон гэдэг нэр зүүхгүйн тулд жилдээ хэдхэн тэрбумыг зээл хэлбэрээр олгосноос биш бодит эдийн засгийн тооцоо судалгаатай, хөрсөн дээр буусан хөтөлбөр хэрэгжүүлж чадаагүй нь худлаа биш билээ.
Өмнөх Засгийн газрын үед баригдаад эхэлчихсэн байсан “Буянт-Ухаа-2” хорооллын барилгын санхүүжилтийг дөнгөн данган шийдэж, 972 айлыг л алдаа оноотой, хэрүүл маргаантай түрээсийн байртай болгожээ. Өөрөөр хийж гийгүүлсэн ажил алга. Төрийн мөнгөөр барилга барихгүй ч гэлээ барилга барьчихсан аж ахуйн нэгжүүдээ дэмжих талаар нэг ширхэг ч хөтөлбөр гаргахгүй гүрийсээр дөрвөн жилийг барсан. Хэвлэлийнхэн ч энэ талаар олон бичсэн дээ. Гэтэл барилгын салбараа үеэ өнгөрөөсөн буурал “өвгөнд” даатгаад, унтуулж орхисныг нь хүн бүхэн мэдэж байгаа. Ардчилсан намын үед явж байсан Гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд төвүүдийг хөгжүүлэх хөтөлбөрүүд бүгд гацаанд орж, зогссон гэхэд хэтийдэхгүй. Улсын эдийн засгийг улайлгасан буруутан нь Ардчилсан нам хэмээн буруугаа бусдаас хайж, эхлүүлээд орхисон, дуусах гэж байсан цөөхөн хэдхэн бүтээн байгуулалтаар л өнгөрсөн дөрвөн жилд нүүрээ тахлав. Нефтийн үйлдвэрийн шав, Төмөр замын бүтээн байгуулалт гээд тоотой хэдийг тоож үзлээ ч, нүдэнд харагдаж, гарт баригдах бодит бүтээн байгуулалтыг эхлүүлээгүй юм. Тийм атлаа мөрийн хөтөлбөрөө 85 хувьтай хэмээн үнэлж, “Одоо дахиад сонгочихвол яг хийнэ. Дөрвөн жил төр барьж тоглолоо. Өнөөдрөөс харин төрөө жинхнээсээ төвхнүүлнэ” гэсэн амлалтад хэн ч итгэхгүй билээ. Сэрье, илүү зүйлийг сэтгэе, Л.Оюун-Эрдэнэ сайд аа. Харвардын боловсролыг арай өөрөөр гаргаж, арай өөрөөр сэтгэж харуулмаар байх юм. Жирийн иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮ-чдээсээ хариуцлага нэхээгүй, харин жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийнхээ татварыг нэмж л тэд төсвийн алдагдлаа дөрвөн жил нөхсөн. Эмээх сэтгэл, ичих булчирхай огтхон ч алга юм байна. Тэр тусмаа мэдлэгтэй, мэдээлэлтэй хэмээн үнэлж, хүндэлдэг Л.Оюун-Эрдэний амнаас энэхүү хариуцлагагүй, ард түмнээ доромжилсон үг унаж байх юм. “Мөрөөдлийн жагсаалт” хэвлээд орж ирсэн бол ам руу нь алгадаад гаргах ёстой намын дарга нь хүртэл жагсаалтыг нь дэмжсэн гэхээр л хэлэх ч үг олдсонгүй. Эдийн засгийн бодит тооцоо судалгаатай, дампуурлыг бус өсөлтийг дэмжсэн наад захын бодлогогүй, бусад намуудаас ялгарахгүй гэдгээ харуулчихлаа. Харамсалтай байна.
Б.Эрхэс