ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Лүндэндорж: Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх гэж байна

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-27

Монгол Улсын Үндсэн хуулийн 48.1 дэх заалтыг утгачлан биш үгчлэн тайлбарласан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж 3000 хүнтэй Багахангай дүүрэгт шүүх байгуулах хууль батлагдаад нэг хонолоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж энэ асуудлаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. Тэрбээр “Шүүх байгууллага Засаг захиргааны нэгж дээрээ байрлах ёстой хэмээснээс болж томхон сумаас бага хүн амтай Багахангай дүүрэгт шүүх байгуулах шийдвэр гарлаа. Аль ч улс оронд шүүх өндөр зардалтай байгууллага. Байр нь харуул хамгаалалттай. Шүүх хурлын танхим нь стандартын дагуу тохижуулагдсан.

Доор нь гэмт хэрэгт сэжиглэгдсэн, цагдан хоригдож байгаа этгээдийг саатуулах өрөөтэй гэх мэт зардал шаардсан архитектурын шийдэлтэй байр хэрэгтэй болно. Жилдээ 30-40 гэмт хэрэг гарч түүнээс 10-20 хэрэгт эрүүгийн хэрэг үүсэж байдаг цөөхөн хэрэгтэй жижиг газар бүхэл бүтэн шүүх байгуулна гэхээр байшин хэрэгтэй болно. Мөн ганц шүүгч бүх хэргийг шийднэ гэж үгүй. Эрүүгийн шүүгч байх хэрэгтэй, иргэний шүүгч хэрэгтэй. Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс парламент шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан учир шүүх байгуулахаар шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүх байгуулах төсөв байхгүй. Засгийн газрын нөөц хөрөнгөөс шүүх байгуулах зардлыг гаргахаар болсон.   Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг буруу зарж байгаа, хийх ажилгүй баахан хүмүүсийн тэнд суулгасан дүр төрхтэй эмгэнэл юм. Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 48.1 дэх заалтыг засан сайжруулах шаардлагатай. Шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хүн ам хаана олноор төвлөрсөн тэр газар л шүүх байгуулах хэрэгтэй.

Одоогийн үндсэн хуулийн 48.1-ийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тайлбарлаж хэрэглэснээр бол дэд бүтцээ дагасан том сууринд шүүх байгуулж болохгүй Багахангай мэтийн хоёр гуравхан мянган хүнтэй хэрэг зарга гардаггүй газар нүсэр том шүүхийг байгуулах ийм зүйл манай Үндсэн хуульд байгааг үгчлэн тайлбарласан нь асар том зардал гарах шалтгаан нөхцөл болсон” хэмээв.