Ирэх аравдугаар сарын сүүл, аль эсвэл арваннэгдүгээр сарын эхээр буюу 2025 он дуусахаас өмнө намын Их хурлаа зарлаж, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн бүтэц бүрэлдэхүүн, дүрэм журмаа шинэчлэхээс гадна намын даргын сунгаагаа хийхээр товлоод байсан Ардын намынхан сөрөг хүчин болсон Ардчилсан намын даргын сунгааны араас ажлаа шуурхайлж, даргын төлөөх марафоныг цаг алдахгүй эхлүүлэхэд хүрэв.
Ингэхдээ зодооныг “Зүүний хүчний холбоо” буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын талаас эхлүүлж, өнгөрөгч пүрэв гарагт буюу есдүгээр сарын 04-ний өдөр “Ардын хүч” ТББ-ын залуусаар хэвлэлийн хурал хийлгэснээрээ өрсөлдөгч талаа “тулаанд” дуудлаа. Учрыг тодруулбал, “Ардын хүч” ТББ-ын тэргүүн гэх Б.Амарсанаа нь өнгөрөгч зургадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хурдан ажлаа өг хэмээн шахаж байсан нэгэн юм билээ.
Цагтаа Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат тэргүүтэй залуустай нэгдэн “Шинэчлэлийн хороо” гэгчийг нам дотроо тэргүүлж явсан бөгөөд НАМОХ-г даргалж явжээ. Хожмоо У.Хүрэлсүхийн “Зүүний хүчний холбоо” руу орж, тус фракцийн залуусыг нэгтгэсэн “Ардын хүч” ТББ-ыг тэргүүлэн, МАН-ын генсек Я.Содбаатартай ойр шадарлах болсон,1977 онд төрсөн Дундговийн харьяат нэгэн гэдгийг нийтлэлийн эхэнд онцолъё.
Их тэнгэрт болсон шоуны үеэр Их хурлыг шуурхайлах чиглэл яригджээ
Тэгвэл өнгөрөгч пүрэв гарагт тэрбээр намын Их хурлыг яаравчлах, ил тод, өрсөлдөөнтэй зарчмаар явуулах, ойрын хугацаанд намын Бага хурал болон Удирдах зөвлөлийн хурлаа зарла гэсэн шаардлагыг намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарт хүргүүлэв.
Гэнэтхэн өгсөн энэ мэдэгдлийн цаад учир нь Их тэнгэрт болсон уулзалтаас үүдэлтэй гэх. Намаа бүрэн атгандаа оруулахаар шуурхайлж буй 70 оны ах нарын фракци өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдөр Их тэнгэрт “Социал демократ Монголын залуучуудын холбооны 30 жилийн ой”-г нижгэр зохион байгуулж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намын генсекээс бүрдсэн хүмүүс залуустайгаа зад шоудсан бөгөөд энэ үеэр Л.Оюун-Эрдэнийг буланд шахах, Д.Амарбаясгаланд Их хуралд багаа бүрдүүлэх боломж олгохгүйгээр дайралт хийх буюу Бага хурлаар намын даргын томилгоог шуурхайлах яриа тохироо хийгдсэн гэх мэдээлэл бий.
Энэ уулзалтад Э.Батшугар тэргүүтэй сайд нар мөн байлцсан гэдгээс харвал Н.Энхбаяр нөгөө талдаа гарч, Л.Оюун-Эрдэний эсрэг явж эхэлсэн гэдэг нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, Их хурал хойшлох тусмаа өрсөлдөгч тал багаа, хүнээ бүрдүүлэх учраас хурлыг он дуусахаас өмнө гэж хүлээхгүйгээр шуурхайлах шийдэлд хүрээд шоу таржээ.
Энэхүү уулзалтаас ердөө долоо хоногийн дараа л “Их хурлаа шуурхайлъя” гэсэн мессежийг МАН-ын гишүүдээс өгч буй мэт харагдуулах төлөвлөгөөт хэвлэлийн бага хурлыг Тусгаар тогтнолын ордонд хийлгэсэн нь тэр аж. Үүнтэй зэрэгцэн сошиал орчинд өмнөх Засгийн газрыг огцруулсан бүлэглэл ч хэлд орж “MCS” группын Ж.Оджаргал баялгийг эх орондоо авч үлдсэн баатар мэтээр ярилцлага өгч, Ц.Элбэгдоржийн хүн гэгдэх Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц хүртэл Л.Оюун-Эрдэнийг буруутгасан яриа өгч, ар араасаа хэлд орж эхэлснийг ажвал эрх баригч намын даргын суудлыг ямар ч хамаагүй үнээр авах улс төрийн том тоглоом, зодоон нэгэнт эхэлсэн нь тодорхой болов.
“Андуураад байна, айх хэрэггүй”
Тэгвэл өрсөлдөгч тал буюу 80 оныхон ч энэ бүхнийг зүгээр хараад суусангүй ээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээс тэд тэмцлээ ил тод эхлүүлж, Л.Оюун-Эрдэний хэлсэн гэх үгийг сошиал орчинд тарааж эхлэв.
Тэрбээр, улс төрийн хүрээнд хийсэн нууцлагдмал уулзалтын үеэр “Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр яасан их цочоотой байх юм. Ямар их мөнгө зарж намайг харлуулахыг оролдоно вэ. Би 2027 онд нэр дэвшихгүй. Намын даргад ч өрсөлдөхгүй. Д.Амарбаясгалан ч тэгж хүний үгээр хөдөлдөг жижиг улстөрч ч биш байх.
Миний хувьд ёсыг бодож Засгийн газрын 100 хоног дуустал үг хэлэхгүй. Гэхдээ тэрний дараа би үзэл бодол, үйл хэргээ гүйцээхийн төлөө УИХ-ын гишүүн байсан ч зоригтой дуугараад явна. Андуураад байна, айх хэрэггүй. Цаг хугацаа бүхнийг нотолно. Намын асуудалд Ерөнхийлөгч бид хоёр гүнзгий оролцох хэрэггүй юм. Намын гишүүд асуудлаа өөрсдөө ил тод, нээлттэй, ардчилсан зарчмаар шийдэх ёстой” хэмээн ярьсан гэх мэдээлэл сошиал сүлжээнд явж байна. Нөгөөтэйгүүр, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэний улс төрд бэлтгэж оруулж ирсэн залуусын нэг гэгддэг, Хэнтий аймгаас УИХ-д гарч ирсэн М.Ганхүлэг, А.Ариунзаяа нарын гишүүд ар араасаа өдөр тутмын сонинд ярилцлага өгсөн нь анхаарал татна.
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг “Шууд хүн томилоод Удирдах зөвлөлөөс нэр орж ирээд Бага хурал томилоод явдаг. Энэ байдал өөрчлөгдөөсэй. Аль болох олон хүн өрсөлдөж, санал бодлоо уралдуулаасай. Тэр АН-ын даргын мэтгэлцээн их зөв санагдсан. Одоогийн намын дарга бол ялсан намын дарга. Улс төрийн нөхцөл байдлаас болж намын даргыг авах тухай ярьж байгаа юм шиг боловч энэ хүн 68 гишүүнийг ялуулж чадсан. Тийм болохоор энэ хүн намын дүрмээрээ явах ёстой. Гэтэл бид ялалт авч ирсэн биш ялж чадаагүй хүнээ хүртэл Ерөнхий сайд болгочихсон явж байгаа. Хувь хүний хувьд өмнөх үетэйгээ буруу зөрүү хандлага байхгүй ч намын зарчим, үнэт зүйл, дүрмээр юмс явах ёстой.
Үүнийг өөрийнхөө хэмжээнд шахна” хэмээн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Эндээс харвал МАН-ын даргад өрсөлдөнө хэмээж буй Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжихгүй гэдгээ ил тод хэлснээс гадна тойрогт ч ялаагүй хүн том намыг удирдах ёсгүй гэдэг нь өрсөлдөгч талын гол мессеж байх бололтой. Мөн өрсөлдөөнийг Их хурал руугаа оруулж ирэх нь тэдэнд ашигтай гэж уншигдаж байна.
Их хурлаар бус Бага хурлаар намын даргаа сонгох улс төр явж эхлэв үү
Мөн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ч “Ардчилсан нам сайн жишгийг тогтоож байна” хэмээснээс харвал МАН-ын Удирдах зөвлөлийн хэдэн “өвгөн” улстөрчид нэр цохож оруулж ирээд, Бага хурлын хэдхэн улстөрч ярсхийтэл гар өргөж, бичсэн мессеж, хуралдсан тохирооны дагуу явдаг байдлыг өөрчилье гэсэн улс төрийг тэдний зүгээс хийж магадгүй болоод байгаа юм.
Хэрвээ намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, нэр цохож оруулж ирдэг байдлыг өөрчилж, чөлөөт өрсөлдөөнөөр асуудлыг шийдэх ёстой гэдэг өөрчлөлт рүү явсан тохиолдолд нэр нь хамгийн их яригдаж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нөлөө Бага хурал, Их хуралд ч өндөр учраас ялах магадлал өндөр болж ирнэ.
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатарын хүмүүс нэг талдаа гарчихвал “Зүүний хүчний холбоо” хэцүү байдалд орно. “Бор тээг”-ээс өөр тээг болох зүйлгүй учраас бодлогын өрсөлдөөнд ялах магадлал өндөр гэдгийг тооцож суугаа нь дамжиггүй. Харин түүнийг “Залуу хүн учраас явуургүй, ирээдүйгүй замаас холдчих байх аа. Том улс төрөө бодоод Л.Оюун-Эрдэний тохироонд орохгүй байх” гэх мэтээр замаасаа холдуулж, сул өрсөлдөгч оруулж ирэх агуулга ч энэ өдрүүдэд идэвхжиж байгаа хэрсүү уншигчид юу эс андах.
Гэхдээ Д.Амарбаясгалангийн тухайд эхэлж дуугарах байтугай, ямар улс төрийн тоглоом тоглож буйгаа ч яарч сандран зарлах “амархан” улстөрч биш. Тиймээс түүний ганц тээг болсон "Бор тээг"-ийн уурхай буюу "Админерал" компаниас үүдэн Д.Амарбаясгалангийн ойрын хүн болох МАН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ-аас гэрийг нь нэгжиж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байна. Өрсөлдөгчөө намнах МАН-ын зодоонд ийнхүү АТГ хүч нэмэв бололтой.
Нөгөөтээгүүр, Бага хурлаа зангидах улс төрийг цаг алдахгүй хийх аваас Удирдах зөвлөлийг өөрийн талд оруулж чадсан Г.Занданшатарын буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тал ялах магадлалтай юм билээ. Учир нь МАН-ын дүрмийн 20.3.7-д “Намын Их хурлын чөлөөт цагт намын даргын орон тоо гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн 3/2-ын саналаар шинэ даргыг сонгоно” гэсэн заалтыг ашиглах улс төрийг хийж эхэлсэн нь нэгэнт тодорхой болсон бөгөөд “Хамтарсан Засгийн газрыг унах үед улс төрийн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдсэн биз дээ, Л.Оюун-Эрдэнэ ээ.
Албан тушаалтайгаа зууралдахгүй гэчихээд Цэнхэрт очиж хуралдаад байгаа чинь юуных вэ. Ажлаа өгөөч, хариуцлагаа хүлээгээд, намын тамгаа яаралтай өг. Бага хуралдаа асуудлыг оруулж ир” гэсэн мессежүүд өдөр өнжихгүй хэвлэлийн хуудаснаа гарч буйгаас ажвал хоёр тал хоржоонтой хийгээд хорлонтой тоглоомоор хэрхэн нэгнээ намнах буй улс төрийг ирэх өдрүүдэд монголчууд харах нь ээ. Энэ зодоон гагцхүү төсөв хүндхэн, өвөл хатуухан болох энэ цагт улс орноо түймэрдэж, улдан гацаачихгүйхэн шиг хурдхан дуусах нь нэн чухал билээ.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин