ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ОНЦЛОХ ИШЛЭЛ: Хөгжлийн банк хөгжлийн төрхтэй байя

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-04-20

Өдөр тутмын сонинд хоёр удаа л ярилцлага өгснөөс хойш нэг ч удаа хэвлэлээр ил гарч байгаагүй сонирхолтой зочин өчигдөр сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн хөтлөн явуулдаг “Улаан бал”-д оролцов. Хэн бүхний хувьд ховор атлаа, Монгол Улсын эзэн хэмээн цоллуулж буй энэ эрхмийг төрийг дээрэмдсэн "дээрэмчин" хэмээн Монголын төрийн томчууд хэдийнэ зарлачихсан билээ.

Тэр ч байтугай санхүүжүүлсэн олон төслийг нь төр шууд хураан авч эхлээд байгаа. Нөгөөтээгүүр, бид зөвхөн төрийн сайд нарын хэлсэн үг, хийж буй үйлдэлд л итгэж байсан энэ цагт нөгөө талын гол хүн гарч ирж байр сууриа илэрхийлсэн нь сонирхолтой байлаа. Тэгвэл ХХБ-ны ТУЗ-ийн дарга, Хөгжлийн банкны гол зээлдэгч хэмээн цоллуулж буй Д.Эрдэнэбилэгийн ярилцлагаас онцлох ишлэлийг түүвэрлэн уншигч танд хүргэж байна.

Бид өөрсдөө арчаатай байж чадвал тийм ч муу байрлалд амьдардаггүй

-Монголд хэрэгжиж байгаа төсөл болгон өгөөжтэй гэж хэлэхгүй. Гадны хөрөнгө оруулагчгүйгээр дангаараа аж үйлдвэрийн том төсөл хөдөлгөх боломжгүй. Бид өөрсдөө арчаатай байж чадвал тийм ч муу байрлалд амьдардаггүй.

-Бизнес эрхлэгчид сүүлийн жилүүдэд гадна, дотны түншүүдтэй хамтарч ажиллаж сурсан. Санхүүгийн сахилга бат сайн, эрсдлээ өөрсдөө тооцох чадвар нь сайжирсан.

-Би 20 жил нэг замаар гэртээ харьж, ажилдаа ирж байна. Бизнесийн салбарт тасралтгүй ажилласан гэсэн үг.

-Төслүүд олон төрлийн эрсдэл дагуулдаг. Хамгийн сайн төсөл бол Ухаахудагийн нүүрс угаах байгууламж гэж үздэг.

-Төсөлд асуудал байсан гэж бодохгүй байна. Цаг үеэ олсон маш сайн төсөл. Бид арван жилийн өмнө импортоор цемент авдаг байлаа шүү дээ. Байгаа ганц хоёр үйлдвэр нь дампуурчихсан, технологийн хоцрогдолтой. Харин Монголын үйлдвэржилт сүүлийн 10 жил урагшаа маш сайн ахилаа.

-2010 он гэхэд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр үндсэндээ өр зээлэндээ баригдаж, хаалгаа барьж, цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн байлаа. Буруу технологи дээр баахан зээл авчихсан. Тиймээс зээл олгосон банк нь шийдэлцэх шаардлага тулгарсан юм. Бид дампууруулж хаясан төрөөс зээлсэн мөнгөө авъя гэж зогсох биш, түүнийг нь илүү сайжруулаад явах нь зөв гэж үзсэн юм.

-Хямрал нэмэрлээд дампуурсан учраас бид өр, татварын зээлтэй нь хамт хувьчилж аваад гадны компаниар зөвлөх үйлчилгээ үзүүлж, менежментийн зөвлөгөө ч өгсөн. Хаалгаа хаахдаа хуримтлагдсан татвар, зээлийн өр нь 39 тэрбум байсан. Түүн дээр бэлэн мөнгө нэмж өгөөд 41 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан. Өртэй нь авсан юм.

-Хувьчилж авсан үйлдвэр өнөөдрийг хүртэл асаагүй хуучнаараа л байгаа. Хажуу талд нь бид шинэ үйлдвэр барьж, ашигласан. Төсөл өөрөө ямар өртөгтэй вэ гэдэг нь асуудал. Хэмжээ, төрөл нь өөрчлөгдөөд ирэхээр өөрийн өгөөж сунадаг. Хүнд үйлдвэрийн төслүүд 10 жилээс дээш явж байж л оруулсан хөрөнгө оруулалтаа нөхдөг. Баригдах гэж долоо, найман жил, баригдсаны дараа 10 жилийн дараа ашгаа өгдөг хөрөнгө оруулалтад хүн бүхэн дурлаж хөрөнгө оруулдаг юм биш л дээ.

-Хөгжлийн банк тэр үед төслийн 30 хувийг л санхүүжүүлнэ гэж байсан. Арилжааны банкууд Хөтөлд голлох зээл олгосон. Үлдсэн дээр нь бид зээл авахаас гадна гадаад, дотоодын санхүүжилтийг татах гэж оролдсон л доо. Харамсалтай нь Хөтөлд итгэх том хөрөнгө оруулагч гаднаас олдоогүй учраас дотооддоо хандахаас өөр арга байгаагүй.

-Залуус том төсөл хэрэгжүүлье гэж нойргүй хонохгүй. Аж үйлдвэрийг шүтдэг, сонирхдог миний үеийн хүмүүс л үйлдвэртэй зууралдаж, сайн муугаараа хэлүүлж хугацаа зарсан байдаг.

-Том төсөлд давагдашгүй хүчин зүйл гэж нэг зүйл бий. Таны, миний мэддэггүй зүйл гэж бий. Тухайн үед валютын ханш 1200 төгрөг байсан бол одоо 3000 гарчихна гэж хэн ч тооцож чадахгүй. Эрчим хүчний үнэ 5-7 дахин өслөө. Ханшийн зөрүүнээс маш их алдагдал амслаа. Ганц Хөтөл ч бус бусад үйлдвэрүүд ч энэ асуудалтай нүүр тулгарлаа.

-Хөгжлийн банк менежмент хийсэн гэж бодохгүй байна. Уян хатан байж, шийдвэрээ хурдан гаргах ёстой байсан. Хугацаандаа зээлээ төлдөг бизнес ховор юм шүү дээ. Боломж хязгаартай. Бодит байдалтай эвлэрэх ёстой. Давагдашгүй нөхцөл байдлыг тооцох л ёстой юм.

-Хөгжлийн банк өчнөөн зуун зээл өгсөн байх. Гэхдээ аж үйлдвэрийн арван төслийг гаргаж ирж орилдог нь юу юм бэ. Хөгжлийн банк хөгжлийн төрхтэй байя. Хөгжлийн банкнаас хөгжлийн зээл авахгүй юм бол өөр хаанаас авах юм. 30 жил яригдсан 10 төслийн нэгэнд төр халаа үзүүлж яах гэсэн юм. Аж үйлдвэржихгүйгээр яаж энэ зуунд амьдрах юм, бид.

Авлига ханхалсан том агуулах руу залуус орсныхоо шанг л хүртэж байгаа

-Арилжааны зээлээр хөгжлийн төслийг аврахгүй. Тэр утгаараа Хөгжлийн банкинд л хандана. Яагаад төгрөгийн эх үүсвэртэй байгууллагад долларын зээл өгчихсөн юм. Хугацаа нь яасан ч богинохон юм. Ажлын байр, татвар төлөөс, шинээр бий болгож байгаа үйлдвэрлэл зэргийг харахгүйгээр өнөөдөр л мөнгөө олж авахгүй бол баларлаа гэж болохгүй. Ломбардны наймаачин биш дээ.

-Хөгжлийн банк зээлдүүлэгч, манайх бас зээлдүүлэгч. Адилхан л эрх ашиг байгаа. Дундын хувилбар гарах байх гэж найдаж байна.

-Төр бодлогоор 10 том үйлдвэрийг дэмжиж байсан 2014 онд ХХБ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт санхүүгийн баталгаа гаргах, үйлчилгээ үзүүлэх гэрээ зурсан. Тухайн байгууллагын хийх төслийн санхүүгийн баталгааг бид хангасан гэсэн үг. Хөгжлийн банкнаас мөн л ялгаагүй хөгжлийн зээл авсан. Манайхаас ч бас зээл авсан.

-Төсөл сүүлийн шатандаа явж байгаа. Хайлуулах үйлдвэрийн төсөл 2-3 жил гацлаа. Гадаад дотоод олон шалтгаантай байгаа юм билээ. Барьчихаад байгаа үйлдвэрийн өгөөж, өрсөлдөх чадвартай хамаатай зүйл бий. Бүх зүйлийг импортоор аваад энд юм үйлдвэрлэж яах вэ дээ. Тэгэхээр үйлдвэрийг каластераар хөгжүүлэх, өөрөөр хэлбэл Монголоос бүх зүйлээ авах гэж л оролдож байна. Гадныхан энэ төслийг сонирхдоггүй. Харин монголчуудын 100 жилийн мөрөөдөл. Маш сайн төсөл, цаг үеэ ч олсон учраас амжилттай хэрэгжиж дуусна гэдэгт итгэлтэй байгаа.

-Төр өөрөө шийдвэр гаргаад буцааж цуцлаад байдаг нь маш сонин. Гол үр дүн чухал. Монголчууд Эрдэнэтийг 100 хувь эзэмшлээ. Өнөөдрийн ийм хүнд цаг үед Эрдэнэтийн тал ашиг гадагшаа явсан бол яах байсан бэ. Асуудлыг эрүүл талаас хараасай. Хүнд байгаа зүйлийг худалдаж авсан л зүйл шүү дээ. Энд буруу хайгаад байгааг ойлгодоггүй. Эрдэнэт олон жил улс төрийн тоглоомд явсан. Үүнийг дуусгах цаг нь болсон шүү. Авлига ханхалсан том агуулах руу залуус орсныхоо шанг л хүртэж байгаа. Хийсэн ажил нь буруу гэж хэлэхгүй. Тэд эх оронч байсан.

-Эрдэнэтийг төр 100 хувь мэдэлдээ авахад нь би дургүйцээгүй. Төр өмчтэй болж үр дүн нь бидэнд үлдсэн. Гэхдээ “Монголын зэс корпораци”-ийн гаргасан төлбөрийг төлөх ёстой биз дээ. Гэтэл Засгийн газар энэ төлбөрөөс “Кью Эс Си”-гийн гаргасан төлбөрийг хасаж тооцно гэж тусгасан.

Тэр өдрөөс энэ компани бидний өрийг суутгачихлаа, бид өргүй юм байна гэж бодож явсан байх. Гэтэл өрөө нэхэж гарч ирээд, өмч хураахдаа туллаа. Жижиг ТҮЦ ажиллуулахад ямар хэцүү билээ. Гэтэл аж үйлдвэрийн ийм том төслийг нэг хоногийн дотор өрөө төл, чадахгүй бол хурааж авлаа гэж болох уу.

-Төр хувийн хэвшлээ хохироохгүй байх. Цэцийн шийдвэр ч 2018 онд гарсан байдаг. ОХУ-аас худалдаж авсан 49 хувийн хувьцааг авахад гаргасан мөнгийг төр төлж барагдуулах үүрэгтэй гэж шийдвэр гаргасан.

-Бид аж үйлдвэржээгүйн гайгаа үүрч байна. Бусад улс 100 жилийн өмнө хийгээд дууссан зүйлийг одоо л бид эхэлж байгаа. Эхэлж байгаа нь төрийн хатууг үүрээд сууж байгаа. Бодит дэмжлэг байхгүй, мэргэжлийн яамгүй сууж байна шүү дээ.

-Улсын өмч гэдэг бол улстөрчдийн өмч байдаг.

-Сүүлийн 30-40 жил 10 гаруйхан төслөө тойрч ярилаа. Чухлаасаа эхлэмээр байгаа юм. Хүндрэлтэй цаг үе байна л даа. Төр маш олон төсөл ярилаа. Гэхдээ нэгийг нь ч явуулаагүй. Богинохон зайнд сонгууль болоод өмнөхөө нураагаад байхаар аж үйлдвэрийн төсөл урагшаа явахгүй. Улстөржихгүй л явах ёстой салбар. Бодлого ярихын тулд ядахдаа салбар яамтай болох ёстой юм шүү дээ.

-Эрдэнэт бол маш гэгээтэй, сайн төсөлтэй газар. Олон төсөл гацаанд байгааг үргэлжлүүлээд явуулаач гэж төрөөс хүсье. Эрдэнэт шиг айлд ийм боломж дахин олдохгүй. Төрийн өмчит хэлбэрээр явуулах гэж оролдож байгаа нь төсөл чанаргүй болох өртөг өгөөжийн хувьд асуудалтай. Хувьцаат компани болж ажиллавал зүгээр гэж хардаг. 

-Ардаа байгаа боломжоо яагаад харахгүй байна вэ. Хэзээ зэсийн үнэ ийм өндөр байлаа. Үнэ цэн ийм өндөр байгаа дээр хөрөнгө оруулалт татаад явах хэрэгтэй. Төр бүх зүйлийг хийх гэж оролдох шаардлагагүй юм. 

-МИК 2006 онд байгуулагдсан. Арав гаруй жилийн өмнө моргейжийн зээл 24 хувьтай байлаа. Одоо зургаан хувь болсон. Нийгэмд хамгийн олон талаараа өгөөжтэй цаг үеэ олсон зүйл мөн. Энэ бол өөрөө олон улсын стандарт юм. Ийм л бүтэц, хууль дүрэмтэй байгаа. 

-Олон жил намайг мэрлээ. Одоо больчихмоор байна. Миний үйлдэл болгон эх оронч байлаа. Би харь гарагаас ирээгүй шүү дээ. Үндэсний үйлдвэр, үндэсний компаниа дэмжиж ирлээ.